Өмнөговь аймаг, Оюу толгой – Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 3 дугаар сарын 6-ны баасан гаригт Оюу толгой уурхайн цогцолборт ажиллалаа.
УИХ-ын дарга З.Энхболд ил уурхай, холбогдох дэд бүтэц, саяхан нэг сая дахь тонн баяжмалаа гаргасан баяжуулах үйлдвэр зэрэг байгууламжаар орж үйл ажиллагаатай нь танилцав.
Айлчлалын үеэр, УИХ-ын дарга З.Энхболд “Оюу толгойд маш их өөрчлөлт гарсныг харлаа. Хамгийн сүүлд 2010 онд ирж байсан үеэс хойш Оюу толгой үйл ажиллагаа нь жигдэрсэн уул уурхайн цогцолбор болсон байна. Ил уурхай, баяжуулах үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж, саяхан нэг сая дахь тонн зэсийн баяжмалаа үйлдвэрлэж экспортод гаргасан байна” гэж онцлов.
“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх УИХ-ын дарга З.Энхболдод уурхайд айлчилсанд талархлаа илэрхийлж “УИХ-ын дарга З.Энхболдыг Оюу толгойд хүлээн авах боломж гарсан нь бидний хувьд маш том хүндэтгэл. Оюу толгой хэмээх их айлын хүн бүр аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахын төлөө ажиллаж байна. Төслийн оролцогч тал бүртэй бат бөх түншлэл байгуулан ажиллаж байгааг уг төслийн амжилт бүрэн дүүрэн харуулж байна. УИХ-ын дарга З.Энхболдод төслийн бүхий л нөөц бололцоог дайчлан ажиллахад тусалж, дэмжлэг өгч байсанд талархал илэрхийлье” гэв.
Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав.
Leave a Reply
You must be logged in to post a comment.