Монгол Улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) болон түүний хороод нь ээлжит хуралдаанаа 2011 оны 9 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хийсэн тухай тус Компанийн Олон нийтийн мэдээлэл, харилцааны хэлтсээс өнөөдөр мэдэгдлээ.
ТУЗ нь энэ удаагийн хурлаараа Оюу Толгой төслийн хэрэгжилтийн шинэчилсэн тайланг авч хэлэлцсэний дотор геологи хайгуул, гүний болон ил уурхайн барилгын явц, олборлолт, үйлдвэрлэлийн бэлтгэл ажлын явц, цаашдын төлөв зэрэг асуудлуудыг онцлон хэлэлцсэн байна.
Оюу Толгой төслийн хэмжээнд хэрэгжиж буй ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалтай холбогдох бодлого, журмуудад онцгой анхаарал хандуулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус компанийн захиргаа, гүйцэтгэх удирдлагад тодорхой үүрэг, чиглэл өгсөн байна.
Түүнчлэн Хөрөнгө Оруулалтын Гэрээний хэрэгжилт, төслийн санхүүжилтийн явц, төлөв, байгаль орчин, орон нутгийн харилцаа, бүсийн хөгжил, тус компанийн хангамжийн бодлого, дүрэм, журмуудын төсөл зэргийг авч хэлэлцжээ.
Оюу Толгой төслийн барилга бүтээн байгуулалтын ажил ид дундаа орж олборлолт, үйлдвэрлэлийн бэлтгэлийг хангах, баяжмалыг ачих, тээвэрлэх, зах зээлд нийлүүлэхэд шаардлагатай байгаа арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргасан байна. Үйлдвэрлэл эхлүүлэхэд нэн шаардлагатай буй төслийн эрчим хүчний хангамж тэр дундаа цахилгаан станц барих, БНХАУ-аас эрчим хүч импортлох, цахилгаан дамжуулах шугам барих асуудлуудыг нягтлан хэлэлцэж тодорхой шийдвэр, зөвлөмжүүдийг гаргажээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.