Оюу Толгой ХХК-иас Хөрөнгө оруулалтын гэрээний талаар хийх мэдэгдэл

1. Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд Оюу Tолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар санал солилцож дууссан тухай Хамтарсан мэдэгдлийг өнөөдөр гаргалаа. Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, түүнчлэн 2009 оны 7 дугаар сард УИХ–аас гаргасан 57 дугаар тогтоолд бүрэн дүүрэн нийцүүлж байгуулсан гэдгийг талууд дахин нотлов.

2. Оюу Tолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь заавал дагаж мөрдөх гэрээ гэдгийг талууд бататгаж, тус гэрээнээс Монголын ард түмэн үлэмж хэмжээний ашиг тус хүртэж байгааг тэмдэглэв.

3. Дэлхийн эдийн засгийн байдал ихээхэн тогтворгүй байгаа энэ үед Оюу Tолгой төслийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх нь Монголын Улсын эдийн засгийг хямралын нөлөөллөөс хамгаалахад чухал юм гэдгийг талууд онцлон тэмдэглэв. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд итгэлтэй байх нь эдийн засгийн өсөлтийг дэмжих урьдчилсан нөхцөл юм.

4. Оюу Tолгой төслийн хөрөнгө оруулагчид Монгол Улсын эдийн засгийн хөгжил, орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулна хэмээн гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэхээ бататгав. Оюу Tолгой ХХК нь Монгол дахь хамгийн том дэд бүтцийн хөтөлбөрийг санхүүжүүлснээр Гашуунсухайт хилийн боомт хүртэл авто зам барьж, олон улсын стандартын нисэх онгоцны буудал, усан болон цахилгаан түгээх систем, мөн Монгол улсын нутагт таван хотод мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг барьж байгуулна.

5. Оюу Толгой ХХК нь Өмнөговь аймаг болон Ханбогд сумыг хөгжүүлэх, , эдийн засгийг төрөлжүүлэн бизнесийг хөгжүүлэх санаачлагуудад үргэлжлүүлэн хөрөнгө оруулах замаар Монголын ханган нийлүүлэгчдийг хөхүүлэн дэмжинэ.

6. Рио Тинто компани нь төслийг удирдан хэрэгжүүлж байгаагийн хувьд уг төсөлд оролцож буй Монгол Улсын иргэдийг Оюу Tолгой төсөлд болон уг төсөлтэй холбогдох бусад салбарын чиглэлээр сургах, тэднийг дэвшүүлэн удирдах албан тушаалд ажиллуулахын чухлыг бататгав. Монгол Улсын иргэдийн оролцоог 90% хангана гэсэн зорилттой уялдуулан сургалт, гадаад, дотоод тэтгэлэг, дадлагажуулах хөтөлбөр, хангамжийн бодлого, журмыг боловсруулж хөрөнгө оруулалт хийх аргаар Монгол Улсын иргэдийг төслийн удирдан манлайлах үүрэгт хурдан шуурхай бэлтгэнэ.

7. Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд Оюу Tолгой төслийг ашиглалтанд оруулах талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэдгийг дахин нотлов. Цаашид, Оюу Tолгой төслийн үйл явц, төслөөс Монгол Улсын эдийн засаг болоод ард түмэнд үзүүлж буй үр ашгийн талаар олон нийтэд байнга мэдээлж байх тал дээр талууд хамтран ажиллах болно.