“Оюу толгой” компани 2016 оны гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа

“Оюу толгой” компани өнөөдөр 2016 оны 4 дүгээр улирал болон өнгөрсөн оны гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа.

2016 оны гүйцэтгэлийн онцлох үзүүлэлтүүд:

  • 2016 оны 12 сарын 31-нээр дуусгавар болсон бүтэн жилийн хугацаанд “Оюу толгой” компани аюулгүй ажиллагааны шилдэг гүйцэтгэлтэй ажиллаж, 200’000 хүн цагт ногдох гэмтэл бэртлийн давтамжийг 0.22 болгон буурууллаа.
  • 2016 оны эцсийн байдлаар “Оюу толгой” компанийн Монгол улсын хэмжээнд Монголын компаниудаас хийсэн худалдан авалт, Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин зэргээр зарцуулсан нийт мөнгөн хөрөнгийн дүн 6.1 тэрбум гаруй ам.долларт хүрсэн.
  • Үйлдвэрлэлийн мэдээлэл:
    • 2016 онд 1.2 тэрбум ам.долларын орлогыг борлуулалтын дээд амжилтын хэмжээ болох 828,600 тонн баяжмал борлуулан олсон.
    • Олборлосон болон боловсруулсан хүдрийн хэмжээгээр өмнөх дээд амжилтаа шинэчлэн тогтоосон бөгөөд 2016 оны эцэст баяжуулах үйлдвэрийг тооцоот хүчин чадлаас давуулан ажиллууллаа.
    • Баяжмал дахь 201,300 тонн зэс болон 300,000 унци алттай тэнцэх үйлдвэрлэл маань төлөвлөгөөт тооцооноос даван биелсэн.
  • Гүний уурхайн мэдээлэл:
    • Босоо ам 2 болон 5-ын нэвтрэлтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд 2017 онд эдгээр босоо ам эцсийн гүндээ хүрэх төлөвтэй байна.
    • 2016 оны төгсгөл гэхэд гүний уурхайд 1.6 эквивалент километр хөндлөн нэвтрэлт гүйцэтгэж, төлөвлөгөөгөө давуулан ажиллалаа.
    • Гүний уурхайн налуу ам, үйлчилгээний порталын газар шорооны ажлыг 2016 онд дуусгаж, налуу нэвтрэлтийг 2017 оны 1 дүгээр сараас эхлүүллээ.

2016 оны 4 дүгээр улирал:

  • 2016 оны 4 дүгээр улиралд 224.6 сая ам.долларын орлого олсон нь 2016 оны 3 дугаар улиралтай харьцуулахад буурсан үзүүлэлт байлаа. Энэ нь баяжмалын борлуулалт буурсантай холбоотой.
  • 2016 оны 4 дүгээр улиралд баяжуулах үйлдвэрийн хүдрийн боловсруулалт 2016 оны 3 дугаар улирлын үзүүлэлттэй харьцуулахад 7.4 хувь өссөн буюу өдөрт 106,700 тонн хүдэр боловсруулсан нь нэг улиралд боловсруулсан хүдрийн хэмжээнд дээд амжилт тогтоолоо.

2017 оны төлөв:

  • 2017 онд “Оюу толгой” компани баяжмал дахь агуулгаар 130,000-160,000 тонн зэс болон 100,000-140,000 унци алт үйлдвэрлэх төлөвтэй байна.
  • 2017 онд үйлдвэрлэхээр тооцож буй баяжмалын борлуулалтын гэрээний дийлэнхийг байгуулаад байна.

“Оюу толгой” компаний ерөнхий захирал Армандо Торрес хэлэхдээ “Манай компани 2016 онд аюулгүй ажиллагаагаараа шилдэг үзүүлэлттэй байсан нь “Оюу толгой”-д аюулгүй ажиллагааг үргэлж эрхэмлэн ажилладгийг нотлон харуулсан бөгөөд энэ амжилтаараа бид маш их бахархаж байна. Аюулгүй ажиллагаа нь үйл ажиллагааны шилдэг гүйцэтгэлтэй байх, гүний уурхайн бүтээн байгуулалтыг урагшуулах зэрэг бидний хийж буй бүх ажлын үндэс суурь юм. Энэ амжилтыг манай 90 гаруй хувь нь Монголчуудаас бүрдсэн чадварлаг ажиллах хүч бүтээсэн юм.

“Бид дэлхийн хэмжээнийг бизнесийг бүтээж, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. 2016 онд бид Монгол улсын засгийн газарт татвар, хураамж, болон бусад төлбөрт 210 сая ам.доллар төлж, үндэсний болон Өмнөговийн худалдан авалтад 279 сая ам.доллар зарцууллаа. Үүний зэрэгцээ бид тогтвортой хөгжлийн хөтөлбөр, санаачлагуудад үргэлжлүүлэн хөрөнгө оруулж байна.” гэв.

2016 онд “Оюу толгой” компани үйл ажиллагаандаа шинэ амжилтуудыг тогтоон ажиллалаа. Баяжуулах үйлдвэрийн бүтээмж сайжруулах ажлыг жилийн турш хэрэгжүүлснээр оны эцэст баяжуулах үйлдвэрийг тооцоот хүчин чадлаас давуулан ажиллууллаа. 2016 онд баяжмал дахь201,300 тонн зэс, 300,000 унци алт үйлдвэрлэж, 175,000-195,000 тонн зэс болон 255,000-285,000 унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвийг давуулан биелүүллээ. 2015 онтой харьцуулахад 2016 оны олборлолт 5.6 хувиар, баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ 10.5 хувиар тус тус өсч, зэсийн үйлдвэрлэл ойролцоо түвшинд, алтны үйлдвэрлэл таамаглаж байсанчлан 54.1 хувиар буурлаа. 2016 онд алтны үйлдвэрлэл буурсан нь жилийн хоёрдугаар хагаст ил уурхайн олборлолтын 2 дугаар үе шат дуусч, алтны агуулга буурсантай холбоотой.

Ил уурхайн үйл ажиллагаа 4 болон 6 дугаар үе шатуудад голчлон төвлөрсөн учир 2016 оны 4 дүгээр улиралд “Оюу толгой”-н үйл ажиллагааны гүйцэтгэл сайн байлаа. 2016 оны 4 дүгээр улиралд баяжуулах үйлдвэрийн боловсруулалт 2016 оны 3 дугаар улирлын үзүүлэлттэй харьцуулахад 7.4 хувиар өссөн буюу өдөрт 106,700 тонн хүдэр боловсруулсан нь нэг улиралд боловсруулсан хүдрийн хэмжээнд дээд амжилт тогтоолоо. 2016 оны 4 дүгээр улиралд үйлдвэрлэсэн зэсийн хэмжээ 3 дугаар улирлын үзүүлэлттэй ойролцоо байсан бол алтны үйлдвэрлэл 2-р үе шатын үлдэгдэл хүдрийг боловсруулснаар 32.4 хувиар өсчээ. 2016 оны 4 дүгээр улиралд зэсийн агуулга таамаглаж байсантай адил байсан нь ил уурхайн үйл ажиллагаа 6 дугаар үе шатанд голчлон төвлөрсөнтэй холбоотой.

“Оюу толгой” компани байгаль орчны шилдэг гүйцэтгэлээ үргэлжлүүлэн хадгалж, ижил төстэй уурхайнуудтай харьцуулахад нэг тонн хүдэр боловсруулахад талаас бага хэмжээний ус ашиглаж байна. Түүнчлэн, ус ашиглалт шилдэг үзүүлэлттэй байж, ус дахин ашиглалтын түвшин 85 хувь байлаа. “Оюу толгой” 2016 онд 367.3 га газарт биологийн нөхөн сэргээлт хийж, байгаль орчинд чиглэсэн олон төрөлт хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байна.

2016 онд “Оюу толгой” компани хоёр цэцэрлэг болон нэг сургуулийг Даланзадгад хотноо, нэг спорт залыг Манлай суманд ашиглалтанд оруулж, тогтвортой хөгжлийн 13 шинэ төсөл, хөтөлбөр батлан хэрэгжүүлж, орон нутагт чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд ахицтай ажиллалаа. Мөн Ханбогд суманд цэвэр ус хангамжийн цогц системийг шинээр барьж байгуулсан бөгөөд 2017 оны 4 дүгээр сард орон нутагт хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна. Энэхүү байгууламж нь 13,000 гаруй хүн амыг усаар хангах хүчин чадалтай бөгөөд орон нутгийн чухал бүтээн байгуулалт юм.

2016 оны 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлогын дүн нь өмнөх 2015 оныхтой харьцуулахад 26.4 хувиар буурсан. Энэ нь зэсийн үнэ буурсан, алтны борлуулалт багассантай холбоотой бөгөөд алтны үнэ өндөр байсан нь нийт бууралтыг хэсэгчлэн нөхөв. Баяжмалын борлуулалт 2015 оноос 1.1 хувиар өсч, 828,600 тонн болсон нь үйлдвэрлэл эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Бэлэн мөнгөөр тооцсон капиталын хөрөнгө оруулалтын зардлын мөнгөн зарцуулалт 2015 онд 116.2 сая ам.доллар байсан бол 2016 онд 326.3 сая ам.долларт хүрлээ. Үүний 226.8 сая ам.доллар нь гүний уурхайн төсөлд харин 99.5 сая ам.доллар нь ил уурхайтай холбоотой үндсэн үйл ажиллагаанд хамааралтай. Ил уурхайн капиталын хөрөнгө оруулалтын зардалд хөрс хуулалтын 30.9 сая ам.долларын хойшлуулсан зардал, хаягдлын далангийн байгууламжид зарцуулсан 22 сая.ам долларын зардлыг тус тус оруулж тооцсон.

Үйл ажиллагааны цаашдын төлөв

2017 онд “Оюу толгой” компани баяжмал дахь агуулгаар 130,000-160,000 тонн зэс, 100,000-140,000 унци алт үйлдвэрлэх төлөвтэй байна. Жилийн туршид, ил уурхайн 4 болон 6 дугаар үе шатуудаас үргэлжлүүлэн олборлолт хийж, мөн хүдрийн овоолгоос боловсруулалтанд авч ашиглахаар төлөвлөж байна. Зэсийн агуулга ойролцоогоор 25 хувиар, алтны агуулга тал хувиар буурах төлөвтэй байгаа тул үйлдвэрлэлийн төлөв 2016 оныхтой харьцуулахад буурсан.

Капиталын хөрөнгө оруулалтын зардлын мөнгөн зарцуулалт 2017 онд ил уурхайд 100 сая ам.доллар, гүний уурхайн бүтээн байгуулалтад 825-925 сая ам.доллар байх төлөвтэй байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нь капиталын зардал болон НӨАТ-ыг агуулсан болно. Үндэсний ханган нийлүүлэгчдийн тендерт оролцох оролцоог дэмжихийн тулд “Оюу толгой” компани тендерийн үйл явцын хугацааг уртасгасан нь хөрөнгө оруулалтын зардлын хугацааг бага зэрэг сунгахад нөлөөлсөн. Компани 2020 оны дунд үед гүний уурхайн анхны үйлдвэрлэлийн хүдрийг гаргах, гүний уурхайн үйлдвэрлэлийг 2021 оны эхэн үеэс тогтвортой түвшинд хүргэнэ гэсэн төлөвөө хадгалсаар байна.