“Оюу толгой” компани, Өмнөговь аймаг урт хугацааны тогтвортой хөгжлийн Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Өмнөговь аймаг, Даланзадгад сум – “Оюу толгой” ХХК өнөөдөр Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гэрээ нь “Оюу толгой” ХХК орон нутгийн байгаль орчин, ус, уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, үндэсний түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрээс бараа үйлчилгээ худалдан авах зэрэг үндсэн чиглэлүүдээр дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутгийн зүгээс Оюу толгой төсөл, “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахад цаашид талуудын баримтлах зарчим, нөхцөлийг тодорхойлсон баримт бичиг юм.

Гэрээний хүрээнд “Оюу толгой” ХХК “Хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан жил бүр 5 сая ам.долларын санхүүжилт хийх бөгөөд дээр дурдсан чиглэлүүдээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд уг хөрөнгийг зарцуулах юм. Аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай шийдвэрийг компани, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн “Хөгжлийг дэмжих сан”-гийн удирдах зөвлөл гаргана.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Дөрвөн жил гаруй хугацаанд хэлэлцсэн энэхүү Хамтын ажиллагааны гэрээ нь бидний ажиллаж, амьдарч буй нутаг орны ард иргэд, засаг захиргаатай харилцан шүтэлцсэн хамтын ажиллагааг бүрдүүлэхэд чиглэсэн томоохон алхам боллоо. Гэрээний дагуу өнөөдрийг хүртэл хийгдсэн ажлууд, тэр дундаа зам, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг гол чиглэлүүдээр олсон амжилтад үндэслэн цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг нарийвчлан тодорхойллоо. Хамтын ажиллагааны гэрээ нь Өмнөговь аймгийн хөгжилд түлхэц өгөх нэг чухал хүчин зүйл болохын зэрэгцээ цаашид Монгол Улсад хэрэгжих томоохон төслүүдэд жишиг болж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун “Талууд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор үр дүнтэй, ил тод, харилцан ач холбогдол бүхий хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлнэ. Энэ гэрээний дагуу Өмнөговь аймаг болон түншлэгч сумдын зүгээс “Оюу толгой” компанийн бизнесийн үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэх, “Оюу толгой” компанийн зүгээс орон нутагт тулгарч байгаа асуудал, нэн тэргүүнд анхаарал хандуулах шаардлагатай зүйлсийн талаар нэгдсэн ойлголттой болж байгаа энэ гэрээний давуу тал гэж ойлгож байна” гэв.

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа “Энэ гэрээ Өмнөговь аймгийн хөгжил цэцэглэлт, өмнөговьчуудын сайн сайхан амьдрал дэвжин дээшилэхийн үүдийг нээлээ” гэсэн бол Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзий “Хамтын ажиллагааны гэрээ нь хүн төвтэй оюуны хөрөнгө оруулалт болоод бүтээн байгуулалтын асар олон зүйлийг хийхээр төлөвлөсөн” гэж хэллээ.

Гэрээнд амжилттай гарын үсэг зурсанд баяр хүргэж хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “Хамтын ажиллагааны гэрээ зурагдсан нь тус аймаг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг бодлогоор дэмжсэн жишиг болж буйг харуулж байна” гэсэн юм.

Хамтын ажиллагааны гэрээг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль болон “Оюу толгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу байгуулсан юм. Нөгөөтэйгүүр, “Оюу толгой” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээг өөрийн үйл ажиллагааны нэг гол бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж, орон нутгийн тогтвортой хөгжлийг ханган, ирээдүй хойч үедээ зориулан эрүүл мэнд, боловсрол, ажлын байр, үнэ цэнэ бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахыг чухалчилж байна.