“Оюу толгой” компани, Өмнөговь аймагтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хоёр жилийн ойн босгон дээр чухал үйл явдал тохиолоо. Ханбогд суманд болсон ёслолын үеэр “Оюу толгой” компанийн санхүүжилтээр баригдсан “Цэвэр усан хангамжийн цогцолбор”-ын үйл ажиллагааг эхлүүлэн, орон нутагт хүлээлгэн өгсний зэрэгцээ, “Малын эрүүл мэндийн сум дундын төв”-ийн шавыг тавилаа. Энэхүү байгууламжууд нь бүсийн хэмжээнд анхдагч болж байна.
“Цэвэр усан хангамжийн цогцолбор” нь 6.9 сая ам.долларын өртгөөр баригдсан бөгөөд, Ханбогд сумын иргэдэд найдвартай, цэвэр ундны усыг 6.6 км шугам хоолойгоор дамжуулан хүргэх юм. Энэхүү цогцолбор ашиглалтанд орсноор Ханбогд сумын хөгжлийг тэтгэх чухал дэд бүтэц болно. Эхний ээлжинд 13,000 хүн амыг ундны усаар хангах хүчин чадалтай тус цогцолборыг цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтойгоор барьж байгуулжээ.
“Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн оюу – Хөгжлийг дэмжих сан”-ийн хөрөнгөөр баригдах “Малын эрүүл мэндийн сум дундын төв” нь 2017 оны сүүлийн хагаст ашиглалтанд орох ба Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумд болох Ханбогд, Манлай, Баян-Овоо, Цогтцэций сумдын малчид, иргэдэд мал эмнэлэг, үржлийн үйлчилгээ, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарын лабораторийн үйлчилгээ тус тус үзүүлэх юм.
Ёслолын үйл ажиллагааны нээлтэнд “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх “Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш хоёр жилийн хугацаанд бидний хамтдаа хүрсэн ололт, амжилтдаа сэтгэл хангалуун байна. Цэвэр усан хангамжийн цогцолбор, Малын эрүүл мэндийн сум дундын төв нь Оюу толгой компани, түүний хувь нийлүүлэгчид Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, орон нутагтай тогтоосон түншлэлийг өндөр ач холбогдолтойд тооцож ажилладгийг давхар нотлон харуулж байна” гэж цохон тэмдэглэв.
Энэхүү ёслолд оролцсон “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонс “Өнөөдрийн үйл явдал нь Оюу толгой компани, Өмнөговь аймаг, түншлэгч сумдын хамтын ажиллагааг улам бүр бататгаж, бид хамтдаа өсч, хамтдаа хөгжиж буйн тод илэрхийлэл болж байна. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд зөвхөн 2016 оны дүнгээр орон нутагт 70 гаруй ажлын байр бий болж, Даланзадгад сумын гэр хорооллын 500 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмжих боломжоор хангагдаж, 2,000 гаруй иргэн эрүүл мэндийн чанартай үйлчилгээ хүлээн авах боломж бүрдсэн” гэдгийг онцлон хэллээ.
Мөн тэрээр “Өнөөдөр ашиглалтанд орж буй болон шавыг нь тавьж буй энэхүү төслүүд нь Ханбогд сумын урт хугацааны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох төдийгүй, орон нутагт шинээр бизнес, боловсон хүчин төвлөрөх нөхцлийг бүрдүүлж, хөгжлийг хурдасган, Монгол Улсад бодит үнэ цэнийг бүтээх болно” гэж тэмдэглэв.
“Оюу толгой” компани нь 2015 оны 4 дүгээр сард Өмнөговь аймаг, Ханбогд сум болон бусад сумдтай гэрээ байгуулж, өмнийн бүсийн тогтвортой хөгжилд чиглэсэн урт хугацааны түншлэлийг эхлүүлэх нэгэн томоохон алхам хийсэн билээ. Гэрээ байгуулсны дараагаар 2015 оны сүүлчээр “Говийн оюу – Хөгжлийг дэмжих сан” байгуулагдсан ба “Оюу толгой” компани тус санд жил бүр 5 сая ам.доллар төвлөрүүлэх юм. Өнгөрсөн онд энэхүү сангийн хөрөнгөөр хоёр цэцэрлэг, Баян-Овоо сумын хүн эмнэлэг, Даланзадгад сумын сургуулийн спорт танхим, Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн цогцолбор, тогтвортой хөгжлийн хэдэн арван төслийг санхүүжүүлэн ашиглалтанд оруулах буюу үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
“Хамтын ажиллагааны гэрээ”-нд тусгагдсан ажлуудын зэрэгцээ, “Оюу толгой” компани нь Өмнөговь аймаг, Ханбогд сум болон бусад сумдад байгаль орчин, орон нутгийн харилцаа, тогтвортой хөгжлийн цогц хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Үүнд: хамтын оролцоотой байгаль орчны мониторинг, бэлчээрийн менежмент, ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөр, биологийн олон янз байдлын хөтөлбөр, сургалт болон бусад хөтөлбөрүүд багтана.
Редакцийн анхааралд:
“Оюу толгой” компани Ханбогдын цэвэр усан хангамжийн цогцолборын усны эх үүсвэрийг тогтоох эрэл хайгуул, барилга бүтээн байгуулалтын ажлыг бүрэн санхүүжүүлсэн.
Тус цогцолбор нь:
- Гүний худгууд
- Түүхий усны сан (1,500m3)
- Ус цэвэршүүлэх байгууламж
- Ус дамжуулах гол шугам (6.6kм)
- Цэвэрлэгдсэн усны сан (2,000m3)
- 10kV Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөнүүд (8.8kм)
“Говийн оюу – Хөгжлийг дэмжих сан” нь Малын эрүүл мэндийн сум дундын төвийн барилга, тоног төхөөрөмж, тохижилтын ажлыг бүрэн санхүүжүүлнэ. Тус төв нь:
- Хяналтын лаборатори
- Мал эмнэлэг үзлэг оношилгооны хэсэг
- Малын үржил селекцийн хэсэг
- Албан байр
- Судалгаа, шинжилгээний ажилтнуудын дөрвөн айлын орон сууц
- Туслах байгууламж зэргээс бүрдэнэ.
“Говийн оюу – Хөгжлийг дэмжих сан”-аас 2017 онд хэрэгжүүлэх төслүүд:
- Даланзадгад сумын нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл
- Ханбогд сумын дулаан хангамжийг сайжруулах төсөл
- Ханбогд сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл
- Багшийн хөгжлийн хөтөлбөр
- Бэлчээрийн менежментийн хөтөлбөр
Leave a Reply
You must be logged in to post a comment.