“Оюу толгой” компани ажлын үзүүлэлт бүхий тойм мэдээгээ гаргалаа

Монгол улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2015 оны нэгдүгээр улирлын ажлын үзүүлэлт бүхий тойм мэдээгээ өнөөдөр гаргалаа. Олон нийтэд тогтмол хугацаанд мэдээлэл өгөх зорилгоор монгол ажиллагсдын хувь хэмжээ, ханган нийлүүлэгчдэд зарцуулсан мөнгөн дүн болон төрийн болон орон нутгийн төсөвт байгууллагуудад төвлөрүүлсэн татвар, хураамж, төлбөрүүд зэрэг үйл ажиллагааны шууд нөлөөллийн үзүүлэлтийг уг тайланд оруулжээ. Мөн үйлдвэрлэлд ашиглаж буй усны зохистой хэрэглээ, нийгэм, боловсролын чиглэлийн хөрөнгө оруулалт, “Оюу толгой” төслийн хүрээнд хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг мэдээллийг уг тайлангаас үзэж болно.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Аюул осолгүй, дэлхийд өрсөлдөхүйц үйл ажиллагаа явуулж Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах манай зорилгын хэрэгжилтэд үнэлэлт өгөх чухал хэрэгсэл бол энэхүү тойм мэдээ юм. Үүгээр бид байгууллагынхаа эрхэм чанар болох хариуцлагатай үйл ажиллагаа явуулах зарчмыг илэрхийлж байгаа юм” гэлээ.

“Оюу толгой” компани 2015 оны нэгдүгээр улиралд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд нэн тэргүүний анхаарал хандуулан ажиллаж, тайлант хугацааны 90 хоногоос 86 хоногт нь бэртэл, гэмтэлгүй ажилласны зэрэгцээ бусад үзүүлэлтээр өмнөх оны амжилтаа бататгаж чаджээ.

2015 оны эхний гурван сарын хугацаанд “Оюу толгой” компани 66.4 сая ам.долларын татвар, хураамж, төлбөрийг улсад төвлөрүүлж, 78.3 сая ам.долларын бараа үйлчилгээг үндэсний ханган нийлүүлэгчдээс худалдан авсан байна. Мөн 14.1 сая ам.долларын бараа үйлчилгээг Өмнөговь аймгийн аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс худалдан авчээ.

Эдгээр болон бусад үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Оюу толгой”-н тойм мэдээг үзнэ үү. 2014 оны бүтэн жилийн ажлын үзүүлэлтийг нэгтгэн энэ оны нэгдүгээр сард тайлагнасан бөгөөд энэхүү ажлын үзүүлэлтийг цаашид улирал тутам шинэчилнэ.