Оюу Толгой дэлхийд хамгийн бага ус хэрэглэдэг уурхайн нэг болно

Нэмэлт мэдээллийг:
Ц.Ганзориг
Гар утас: 9908-5617

Усны нөөц сан нь нутгийн усны нөөцийг хамгаалах бөгөөд, 70 км усны урт шугам хоолойг барьсан байна

Улаанбаатар, Монгол улс (ot.mn) – Оюу Толгой компанийн усны мэргэжилтнүүдийн хийсэн саяхны судалгаагаар  ахуйн хэрэглээний усаа 100 %, үйлдвэрлэлийн зориулалттай усны 70 хувийг дахин цэвэршүүлэн хэрэглэснээр дэлхийн хамгийн бага ус хэрэглэдэг уурхайн нэг болно гэсэн дүгнэлт гарсан байна.

Оюу Толгой төсөлд хэрэглэж байгаа ус нь орон нутгийн мал амьтан, иргэдийн хэрэглээний уснаас тусдаа байдаг бөгөөд хэрэглээнд тохирохгүй ус бүхий гүний хоолойн усан сангаас түүнийг авдаг юм. Оюу Толгой төсөл энэ усыг татах 70 км урттай усны шугам хоолойг саяхан барьж дуусгасан билээ. Гүний  хоолойн усан сангийн нөөцийг бүрэн дуусгахгүйн тулд Оюу Толгой төсөл тус сангийн  20 хувийг л ( нэг секундэд 870 литр ус) хэрэглэх ёстой.

Оюу Толгой  компанийн гүйцэтгэх ерөнхийлөгч Камерон Макрай хэлэхдээ «Усны нөөцийг хамгаалахын тулд Оюу Толгой компани хууль журамд зааснаас илүү ихийг хийж байгаа» хэмээн онцлон тэмдэглэв. Тэрээр «Өмнийн говьд Бид усны инженерчлэлийн шинэ стандарт тогтоож байна. Манай компани одоо байгаа усны хангамжаас тусдаа, газрын гүний усны нөөцөөс усаа авч бөгөөд орон нутгийн биологийн төрөл зүйлийг хөндөхгүйн тулд энэ усыг газар доорх 70 км урт шугам хоолойгоор татаж байна. Одоо орон нутагт байгаа усны хангамжаас ус авахгүйн тулд энэ бүх үйл ажиллагааг явуулж байгаа юм. Бидний үйл ажиллагаа орон нутгийн усны хангамжид ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй» гэж ярилаа.

Оюу Толгой төсөл холбогдох хууль, тогтоомжийн дагуу гидрогеологийн болон, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж, сум, аймаг, улсын түвшний бүх зөвшөөрлийг авсны үндсэн дээр ус ашигладаг. Оюу Толгой компани хэрэглэж буй усаа бүрэн тоолууржуулж, төлбөр хийдэг юм.

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз, түүний стратегийн түнш болох Рио Тинтo компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66 хувийг Айвенхоу Майнз, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг.

Оюу Толгой ХХК байгаль орчин, ажилтан ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагаагаа чин шударгаар явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.