Оюу толгойн инженерүүд “Монгол инженер – 2018” нэгдсэн арга хэмжээнд оролцлоо

Инженерүүдийн улсын олимпиад, сургалт, хурал зөвлөгөөн, үзэсгэлэнгээс бүрдэх уг төсөл нь инженер техникийн ажилтан, их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэдэнд тодорхой салбарт тулгарч буй асуудлын хүрээнд шинжлэх ухаанд суурилсан шийдэл олох замаар ур чадвараа сайжруулах боломж олгоход чиглэж байгаа юм.

Оюу толгойн инженерүүдээс бүрдсэн баг тус олимпиадад өнгөрсөн амралтын өдрүүдээр оролцож багийн тэмцээнд өрсөлдөснөөс гадна ахлах инженер С.Алтангэрэл эрдэм шинжилгээний хурлаар Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн талаар танилцуулж, тулгарсан механик асуудалд хэрхэн шийдэл олсон талаараа оюутнуудтай хуваалцсан юм.
Оюу толгой компани өндөр технологи, дэлхийн түвшинд мэргэшсэн инженерүүдтэй. Мэдлэг, ур чадвар, шилдэг туршлагаа инженерээр суралцаж байгаа монгол оюутан залуустай хуваалцах нь эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх бидний алсын харааны нэг хэсэг юм.
Олимпиадад оролцсон оюутан залуус, инженерүүд болон төслийг зохион байгуулсан шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик инженер, тээврийн сургуулийн багш хамт олонд амжилт хүсье! Монгол инженерийн ур чадвар монголын баялаг юм.