Олон улсын компанийн шилдэг менежментээс суралцаж байна

– Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад “Энержи интернэшнл” ХХК оролцож байна –

Тус компанийн төслөө амжилттай хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь эрчим хүчний мэргэжлийн, ажлаа 10 хуруу шигээ мэддэг, олон жилийн туршлагатай боловсон хүчнээр багаа бүрдүүлсэнтэй холбон тайлбарладаг.

– Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад Энержи интернэшнл ХХК оролцож байна –

Томоохон бүтээн байгуулалтыг дэд бүтэц, цахилгаан эрчим хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад оролцож, дэд бүтцийн чиглэлээр ажиллаж байгаа газрууд цөөнгүй бий. Тэдний нэг бол Энержи интернэшнл компани юм. Эднийх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын үнэлгээ, аудит, эрчим хүчний төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдийг хувьчлалд бэлтгэх, удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлэх зэрэг чишлэлүүдээр компани, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажилладаг.

Энержи интернэшнл компани 2003 оноос Оюу Толгой төсөлтэй эрчим хүчний зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнгөрсөн оноос цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, мөн гүний ус, түүхий усны хангамжийн систем, ус цэвэрлэх, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. 

Тус компанийн төслөө амжилттай хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь эрчим хүчний мэргэжлийн, ажлаа 10 хуруу шигээ мэддэг, олон жилийн туршлагатай боловсон хүчнээр багаа бүрдүүлсэнтэй холбон тайлбарладаг. Энержи интернэшнл ХХК-ийн захирал Г. Занданхүү “Бид Оюу Толгой төсөлтэй олон чиглэлээр хамтран ажилладаг. Гүйцэтгэсэн болон гүйцэтгэж байгаа ажлууд ч нэлээд бий. Оюу Толгой төслийн талбайгаас Монгол улсын хил хүртэлхи 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын Техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан гээд олныг дурдаж болно. Хамтран ажилласнаар бидэнд олон давуу тал бий болж байгаа. Олон улсын компанийн шилдэг менежментээс суралцаж байна. Ялангуяа хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар маш олон зүйлийг сурч  байгаа. Уул уурхайн компанийн хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал байдаг. Үүнээс гадна ажлын байраа нэмэгдүүлж, боловсон хүчнээ ч чадавхижуулж байна“ хэмээн ярилаа. Энержи интернэшнл компани 120 гаруй ажилтантай бөгөөд Оюу Толгой төслийн талбайд 80 орчим хүн тогтмол ажилладаг.  

Оюу Толгой ХХК хамтрагч, ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулах зорилгоор 'Сарын шилдэг нийлүүлэгч' шалгаруулдаг уламжлалтай. Энержи интернэшнл ХХК 5 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарчээ. Эднийх өмнө нь нэг удаа шалгарч байсан юм.