Монголиа Дэливэри Цэнтрийнхээ тухай танилцуулна уу. Хэзээ байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар?
Монголиа Дэливэри Цэнтр (Mongolia Delivery Centre) бол Рио Тинто группийн мэдээллийн систем, технологийн багийн Монгол дахь салбар юм. Рио Тинто дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг. Хэдийгээр олон оронд салбартай, олон орны иргэд ажилладаг ч мэдээлэл, технологийн хувьд группийн хэмжээнд нэг л стандарттай байхыг чухалчилдаг. Энэ нь давуу тал ихтэй ч, олон сорилттой тулгарна. Нэг стандарттай байхын тулд мэдээлэл, технологийн үйлчилгээг төвлөрсөн төвүүдээс хүргэж байгаа. Эдгээр төвүүд нь голдуу томоохон уурхайгаа түшиглэсэн байдаг. Рио Тинто группийн Мэдээллийн систем, технологийн баг SAP программ дахь мэдээллийн Шинжилгээ, судалгаа тайлан, Мэдээлэл технологийн дэд бүтэц төлөвлөлт, суурилуулалт хийх ажлыг Дэливэри Цэнтрээс гүйцэтгэж байхаар 2011 онд шийдсэн юм. Өмнө нь энэ ажлыг Австралийн Перт, Брисбен хотууд дахь багууд гүйцэтгэж байсан. “Оюу толгой” компанийн удирдлага 2012 оны 10 дугаар сард Монгол улсад Монголиа Дэливэри Цэнтрийг байгуулахад Рио Тинтод туслахаар тохиролцож, бэлтгэл ажлаа эхлүүлсэн байгаа. Бэлтгэл ажил үндсэндээ дуусч, одоо багаа бүрдүүлэх, сонгон шалгаруулалт хийхэд бэлэн боллоо.
Явуулах үйл ажиллагаагаа арай дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
Энэ баг өмнө хэлсэнчлэн хоёр төрлийн ажил Рио Тинто группэд хийнэ. Нэгдүгээрт, Мэдээллийн шинжилгээ, судалгаа, тайлан байгаа. Үүгээр SAP программ дахь асар том мэдээллийн баазаас хэрэглэгчдийн хүссэн тайлан бэлдэж өгнө. Энэ ажил хэдэн шүүлтүүр тавиад бэлэн болохгүй. Хэрэглэгчийн ажлын онцлогоос хамаарч ямар мэдээлэл гаргаж өгөх боломж байгаа талаар шинжилгээ хийж, бас хэрхэн хурдан тайлангаа хэвлэж болох вэ гэх мэтийн судалгаа хийнэ л дээ. Хоёрдугаарт, Мэдээлэл, технологийн дэд бүтэц төлөвлөлт, суурилуулалт хийх. Энэ бол шинээр байгуулагдаж байгаа ажлын байранд мэдээлэл, технологийн хамгийн оновчтой шийдэл олох ажил юм. Хэдэн хүн тухайн ажлын байранд ажиллах, ямар чиглэлийн ажил хийх зэргээс хамаарч тухайн ажлын байрны мэдээлэл, технологийн шийдэл өөр өөр. Жишээлбэл, Ажиллах хүмүүсээс хамаарч Мэдээллийн төв дэх сүлжээний төхөөрөмжүүд, стораж, серверт хийгдэх нэмэлт өөрчлөлт, суурилуулт гэх мэт ажиллагааны шийдэл, суурилуулалт байна.
Рио Тинто группийн хөрөнгө оруулалттай гэж ойлголоо. Яагаад Рио Тинто групп яагаад манай улсыг сонгох болсон бэ?
Тийм ээ, Рио Тинто группийн хөрөнгө оруулалттай, бас Рио Тинтод ажиллах баг. “Оюу толгой” дэлхийд танил болсон том компани төдийгүй шинэлэг техник, технологи нэвтрүүлж байгаа компани. Харин энэ шинэ техник, шинэ технологи нэвтрүүлэх ажилд “Оюу толгой” компанийн Мэдээлэл, технологийн багийнхан бахдамаар сайн ажиллаж, өөрсдийнхөө чадварыг Рио Тинтод таниулж чадсан учраас манай улсад байгуулахаар болсон. Үүнээс гадна Рио Тинто группийн Мэдээллийн систем, технологийн төвүүд томоохон уурхайтайгаа ойр байдаг жишгийн дагуу Оюу толгой уурхайтай ойр байгуулагдаж байгаа. Гэхдээ энэ компанийнхан Оюу толгой уурхайд ажиллана гэсэн үг биш. Харин бид Оюу толгой уурхайгаас ажлын дадлага, туршлага судлах зэргээр туслалцаа авах юм.
Багтаа ажиллах хүмүүсээ Монголоос сонгож авах уу. Ямар шалгууртай байх вэ?
Шинэ баг зөвхөн Монголчуудаас бүрдэнэ. Австрали, Германд ч юм уу өөр улсад суралцаж, амьдарч байгаа Монголчууд манай багт нэгдэж болно. Гэхдээ ажлын байр Улаанбаатар хотод учраас энд амьдрах шаардлага гарна байх. Шалгуурын хувьд Монгол улсын иргэн, англи хэлний сайн мэдлэгтэй, ажлаа аюулгүй гүйцэтгэх арга барил, санаачилгатай байх, бакалавр эсвэл магистраа Мэдээлэл, технологийн чиглэлээр хамгаалсан байх зэрэг шалгуурууд бий. Тухайлбал мэдээллийн шинжилгээ, судалгаа, тайлан багт программ хангамжийн инженер, мэдээлэл, технологийн дэд бүтэц төлөвлөлт, суурилуулалт багт компьютерийн сүлжээ эсвэл компьютерийн инженерийн чиглэлээр суралцсан байх, хамгийн гол нь мэдээлэл, технологийн салбарт сүлжээ эсвэл санах байгууламж бас программ хангамж хөгжүүлэх чин сэтгэлээсээ сонирхол, хүсэлтэй байх ёстой.
Ажиллах хүчээ сургах, чадваржуулах ажил хийх үү?
Ажилтнуудаа ажлын эхний өдрөөс сургаж, чадваржуулна. Энэ бүхэн зөвхөн хийж гүйцэтгэх ажлын мэдлэгээр хязгаарлагдахгүй. Өнөөдрийн хурдтай хөгжиж байгаа техник, технологийн эргэн тойронд хэрхэн аюул эрсдэлгүй ажиллах, ажлын бус цагаар ч аюул эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар Рио Тинто группээс зохион байгуулах сургалтад хамруулж, нэг ёсондоо нүүдэлчдийн соёл гэдэг шиг аюулгүй ажиллах соёлд суралцаж хэвшүүлэхэд анхаарна. Ажлын сургалтаа эхний ээлжинд Рио Тинто группийн Энэтхэг улс дахь түнш Инфосис компанийн төвд 2-3 сар хийнэ. Мөн Австрали улсын Перт, Брисбен хотууд дахь Рио Тинто группийн Мэдээллийн систем, технологийн багууд дээр очиж чадваржих ажлаа тогтмол хийх болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.