Монгол улс, Улаанбаатар хот (ot.mn) – Оюу Толгой төслийн гэрээлэгч компанийн ажилтан зуурдаар нас барсан харамсалтай мэдээг бид хүлээн аваад байна.
2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, Филиппин улсын иргэн, 47 настай ажилтан төслийн талбай дахь байрандаа нас барсан харамсалтай явдал гарлаа. Нас барсан шалтгааныг урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй гэж үзэж байгаа бөгөөд өглөөний 5 цагийн үед нас барсан гэж таамаглаж байна.
Оюу Толгой төслийн дэд бүтэцтэй холбоотой удирдлага, менежмент, инженерийн ажлыг хариуцдаг Флур компанийн чанарын хяналтын хэлтэст талийгаач ажилладаг байжээ.
Талийгаачийн шарилыг эх оронд нь буцаахтай холбоотой шаардлагатай ажлууд хийгдэж байна.
Оюу Толгой төслийн нийт ажилтан, албан хаагчдын зүгээс талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Хувийн нууцыг хүндэтгэх үүднээс талийгаачийн нэрийг мэдээллэх боломжгүйг ойлгоно уу.
Leave a Reply
You must be logged in to post a comment.