Монгол улс, Улаанбаатар хот (ot.mn) – Оюу Толгой ХХК-ийн зүгээс орон нутгийн эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой олон төсөл хэрэгжүүлдгийн нэг нь “Говийн шим” хөтөлбөр юм. Хөтөлбөрийн сургалт-судалгаа-маркетинг хариуцсан “Хөгжлийн шийдэл” ТББ туршлага солилцох аяллыг энэ сарын 20-22-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Аялалд Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Баян-Овоо, Даланзадгад сумын ногоо тариалалт, тахианы аж ахуйн болон эсгий үйлдвэрлэл гэсэн гурван чиглэлээр бизнес эрхлэгч 12 иргэд оролцсон юм.
“Говийн шим” хөтөлбөрт хамрагдсан дээрх иргэдийн технологийн чадавхийг сайжруулах зорилгоор “Хөгжлийн шийдэл” ТББ ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг Соёолж төв, “Бөхөг” ХХК, Ноосон урлалын хоршоо зэрэг 10 гаруй байгууллага болон өрх айлыг сонгож, аяллыг зохион байгууллаа. Тухайлбал, Баян-Овоо сумын өндөр настан Д. Балжинням “Говийн шим” хөтөлбөрт хамрагдан нарийн ногоо тариалалтын бизнесээ эхлэх боломжтой болсон нэгэн. Хэдийгээр ногоо тариалалтаа эхэлж амжаагүй хэдий ч судалгаа, шинжилгээ сайн хийж, туршлага хуримтлуулснаар ирэх хавар барих хүлэмжнийхээ дулааныг шийдэж, ногоо тариалалтанд үр ашигтай, дэвшилтэт технологийг хэрэгжүүлэн жилд авах ургацныхаа хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болсноо аяллын үеэр онцолж байсан юм. Тэрээр хэлэхдээ “Оюу Толгой энэ хөтөлбөрөөр дамжуулан орон нутгийн иргэдийн амьжиргаанд том тус хүргэж байгаа шиг, цаашид төсөл тэр чигтээ Монгол Улсад үр өгөөжөө өгнө гэдэгт би эргэлздэггүй” гэсэн юм.
Оюу Толгой ХХК-ийн тухай
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.