Нэмэлт мэдээлэлийг:
Ц.Ганзориг
Гар утас: 9908-5617
Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Оюу Толгой компанийн Соёлын өвийн хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд Монголын судлаачид олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран GIS буюу газарзүйн мэдээллийн системийн тусгай программ ашиглан, археологийн урдчилан таамаглах загварын аргаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр түүх, археологийн дурсгалын байршлыг тогтоож байна. Энэ нь Монгол улсад анх удаа боловсруулж, хэрэглэсэн энэ төрлийн судалгааны арга бөгөөд үүнийг ашиглан тус аймгийн 150 мянган хавтгай дөрвөлжин км нутгийг хамруулан 2000 орчим археологийн ховор олдворыг олж тогтоосон байна.
“Урьдчилан тааварлах загвар нь бидний хэрэгжүүлсэн богино хугацаатай энэхүү төсөлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Монголын хамгийн том нутаг дэвсгэртэй, байгалийн өвөрмөц тогтоц бүхий аймгийн хувьд соёлын биет өв дурсгалын тархалтын ерөнхий зураглалыг богино хугацаанд гаргаж, цаашид боловсруулах хөтөлбөрт тусгах шаардлага бидэнд байсан. Нөгөө талаас энэ нь говийн бүсэд ажиллаж байсан Монгол судлаачдын хуримтлуулсан туршлагыг сүүлийн үеийн техник технологийн дэвшилтэй хослуулах сайхан боломж болсон.
Урьдчилан таамаглах загвараар хамгийн өндөр боломжтой гэсэн газруудад бид хайгуулын ажлыг гүйцэтгэж таамаглалыг баталсан юм. Хайгуулаар үнэхээр говийн бүсэд ховор тохиолдох хүрэл зэвсгийн үед холбогдох хиргисүүр, дөрвөлжин булш зэрэг дурсгалууд олдсон нь зөвхөн тоон үзүүлэлтээс гадна Монгол нутагт оршин байсан эртний нүүдэлчдийн тархалтыг харуулах шинэ, чухал баримт боллоо” хэмээн Соёлын өвийн хөтөлбөр боловсруулах багийн биет өвийн судалгааны багийн ахлагч доктор Ч.Амартүвшин ярив.
Урьдчилан тааварлах загварыг энэ хөтөлбөрөөр тогтохгүй өнөөдөр ч говийн бүсэд археологийн дурсгалыг бүртгэлжүүлэх, илрүүлэн олоход хэрэглэсээр байна.
Өмнөговь аймгийн соёлын өвийг хадгалж, хамгаалах цогц аргачлалыг боловсруулах зорилготой соёлын өвийн хөтөлбөр боловсруулах ажилд Оюу Толгой компани ойролцоогоор 1 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаад байна. Энэ ажлыг Sustainability East Asia компани, Монголын Шинжлэх Ухааны Академийн Археологийн Хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Палеонтологийн төв, АНУ-ын Statistical Research Inc компани, Аризона мужийн их сургууль зэрэг мэргэжлийн байгууллагуудыг багтаасан консорциум гүйцэтгэж байна.
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз, түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66 хувийг Айвенхоу Майнз, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг.
Оюу Толгой ХХК байгаль орчин, ажилтан ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагаагаа чин шударгаар явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.