Гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож буй монгол компаниуд дэлхийд үнэлэгдэхүйц чадвартай болж байна

Дотоодын ханган нийлүүлэгчдийн чадавхыг хөгжүүлснээр зөвхөн “Оюу толгой” компанийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлээд зогсохгүй ажлын байр олноор бий болгон эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж байгаа учраас “Оюу толгой” компани дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжих, тэдний чадавхыг хөгжүүлэхэд анхаардаг юм.

“Оюу толгой” компанийн гүний уурхайн төсөл дээр монгол компаниудтай байгуулсан гэрээний дүн 2017 онд 1.4 тэрбум ам.доллараас давжээ. Бидний түншлэлийн үр дүнд тулгуурласан энэхүү амжилтын эзэд болсон ханган нийлүүлэгч компаниудаа сар бүр онцолж, олон нийтэд танилцуулах ажлыг санаачлан зохион байгуулж байна.

Дотоодын гэрээлэгч компаниуд эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй ажиллагааны олон улсын стандартыг бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, бизнесийн ёс зүй, байгууллагын соёл, нийгмийн хариуцлага зэрэг үзүүлэлтүүдээ байнга сайжруулсаар ирсэн юм.

“Оюу толгой” компанитай хамтран ажилласнаар шинэ арга туршлага нутагшуулах, ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх таатай боломж бий болж байгаа юм. Эдгээр компанийн олонх нь гүний уурхайд анх удаагаа ажиллаж байгаа бөгөөд уг төсөлд нэгдсэнээр мэдлэг, туршлагаа ахиулж, дэлхийд чадвараараа танигдах боломж нээгдлээ.

Манай гэрээлэгч компаниудын нэг “М Си Эс Проперти” Оюу толгойн гүний уурхайн “Чухал барилга байгууламжийн бүтээн байгуулалт”-ыг хариуцан гүйцэтгэж байна. Уг төслийн хүрээнд Оюу толгойн уурхайд бутлуурын байгууламж, галын болон үйлчилгээний усны систем, засварын төв, тэсэлгээний агуулах, уурхайн ус шавхах систем зэрэг байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэсэн юм. Түүнчлэн шаардлагатай хүн хүч, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материал, үйлчилгээ хангамж болон тэдгээрийн удирдлагын үйл ажиллагааг “М Си Эс” компани хариуцан 500 гаруй монгол ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.


Гүний уурхайн төсөлд ажилласнаар “М Си Эс”-ийн төслийн баг аюулгүй ажиллагааны арга туршлага, гагнуурын болон өргөлтийн арга техникээ сайжруулсны зэрэгцээ чанарын баталгаа, хяналт хийх зарчмаа нарийвчлан хөгжүүлжээ.

Гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож буй гэрээлэгч компаниудын талаас илүү хувийг монгол компаниуд эзэлж байгаа нь онцлох амжилт юм. Бид 2017 онд дотоодын ханган нийлүүлэгчдийг чадавхжуулахад ихээхэн ахицтай ажиллажээ. Цаашид ч дотоодын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаагийн зэрэгцээ уурхайн үйл ажиллагааны туршид ашиглах бараа материалыг дотоодод үйлдвэрлэх боломжийг эрэлхийлж, нийлүүлэлтийн сүлжээг газар зүйн хувьд уурхайд илүү ойртуулахад анхаарч байна.
Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ!