Эмчийн тэтгэлэгт хөтөлбөр

Эрүүл, аюулгүй орчин бол “Оюу толгой” компанийн нэн тэргүүнд анхаарах зүйлсийн нэг бөгөөд төслийн салшгүй нэг хэсэг билээ. Ингэхдээ “Оюу Толгой” компани зөвхөн өөрийн ажилчид, гэрээт гүйцэтгэгчдийн эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангаад зогсохгүй төслийн нөлөөллийн бүсийн орон нутгийн иргэдийн сайн сайхан, тогтвортой хөгжлийн цөм болсон энэхүү асуудалд анхаарлаа хандуулан ирлээ. Үүний нэг жишээ бол Өмнөговь аймгийн алслагдсан сумуудад их эмчийн дутагдалтай байдлыг багасгах зорилгоор 2005 оноос хойш хэрэгжүүлсэн “Эмчийн тэтгэлэгт хөтөлбөр” юм.

Тус хөтөлбөр нь Өмнөговь аймгийн алсдагдсан сумдын эмч нарт тэтгэлэг олгох замаар тэдний тогтвор суурьшилтай ажиллах, хүн амын дунд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны чанартай, хүртээмжтэй тусламж үзүүлэх үйл ажиллагааг сайжруулах зорилготой юм. 2005 оноос хойш уг хөтөлбөрт нийт 67 эмч, эмнэлгийн ажилтнууд хамрагдаж Баяндалай, Баян-Овоо, Булган, Гурвантэс, Мандал-Овоо, Манлай, Ноён, Номгон, Сэврэй, Ханбогд, Цогт-Овоо, Цогтцэций, Даланзадгад зэрэг 13 суманд ажилласан байна. Хөтөлбөрийн үр дүнд Баян-Овоо, Номгон, Мандал-Овоо сумын эмнэлэг 2004-2005 онд их эмчгүй, аймгийн хэмжээнд 78-95 их эмчтэй ажиллаж байсан үетэй харьцуулахад Өмнөговь аймгийн бүх суманд ажиллаж байгаа их эмчийн тоо жил бүр өсч, 2013 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 147 болж, 10,000 хүн амд ногдох их эмчийн хангалт 15,2 – оос 25,1 болж нэмэгдсэн байна.

Анх санаачлан төсөл бичиж “Оюу толгой” компанид хандсан Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан удирдлагын баг хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт шинээр эмч сонгон шалгаруулах, эмч нарын ажлын үр дүнг хэлэлцэх, хяналт тавих, компаниас олгож байгаа санхүүжилтыг үйл ажиллагаандаа зарцуулах, хөтөлбөрийн талаарх мэдээллийг олон нийтэд сурталчилах, компанийг мэдээллээр хангах зэрэг үндсэн үүрэгтэй ажилладаг.

“Эмчийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн дэд хөтөлбөр болох “Эмчийн орон сууц хөтөлбөр”-ийг 2006-2010 онд хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн 13 суманд 2 эмчийн гэр бүл амьдрах зориулалттай, дундаа үзлэгийн өрөө бүхий орон сууцууд барьж, хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч мэргэжилтний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хэвь нэмрээ оруулсан.