“Оюу толгой”-н хувьцаа эзэмшигчид

“Оюу толгой” ХХК нь эзэмшлийн дараах бүтэцтэй. Үүнд:

  • Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Оюу толгой” ХХК (34 хувь)
  • Рио Тинто компани (66 хувь)

“Эрдэнэс Оюу толгой” ХХК нь “Оюу толгой ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг төрийн өмчит компани бөгөөд “Оюу толгой”-н Монголын талын хувь хөрөнгийг эзэмших эрхийн дагуу Монгол улсын Засгийн газрыг бүрэн төлөөлдөг. Хувь нийлүүлэгчийн хувьд “Эрдэнэс Оюу толгой” ХХК “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүнийг томилох эрхтэй. Тэд Рио Тинто компанийн томилсон ТУЗ-ийн гишүүдийн хамт төслийн болон “Оюу толгой” ХХК-ийн үр өгөөж, ашгийг нэмэгдүүлэх үүднээс тус компанийн менежментийг чиглүүлж, хяналт тавих, үүрэгтэй.

Рио Тинто нь Англи улсад төвтэй, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Рио Тинто плс болон Мельбурн хотод байрладаг, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Рио Тинто лимитэд компаниудыг нэгтгэсэн, олон улсын тэргүүлэх уул уурхайн групп компани юм. Эдгээр хоёр компани Рио Тинто групп гэдэг нэгдмэл эдийн засгийн аж ахуйн нэгж болж, үйл ажиллагаа явуулдаг. Рио Тинто 2010 оны 12 дугаар сараас “Оюу толгой” төслийн менежментийг хариуцдаг болсон юм.

Рио Тинто компани нь төрөл бүрийн эрдэс металлыг олборлон боловсруулж, зах зээлд нийлүүлдэг. Гол нэрийн бүтээгдэхүүн нь хөнгөн цагаан, зэс, алмаз, эрчим хүч (нүүрс, уран) алт, үйлдвэрлэлийн түүхий эд (борат, титанийн давхар исэл, давс) болон төмрийн хүдэр зэрэг юм. Үйл ажиллагааны цар хүрээний хувьд дэлхийн тив бүрийг хамардаг бөгөөд Австрали, Хойд Америкт голчлон төвлөрч, Европ, Ɵмнɵд Америк, Ази, Африкт түлхүү явуулдаг.

Хувь нийлүүлэгчдэд хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хүртээхийн тулд Рио Тинто үйл ажиллагаандаа урт удаан хугацааны тууштай байр суурийг эрхэмлэн ажилладаг. Тухайлбал, томоохон хэмжээний, урт хугацаанд ашиглахуйц, өрсөлдөхүйц чадвар бүхий орд газруудад тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг.