Ил уурхайгаар Оюу толгойн үндсэн гурван ордын нэг болох Өмнөд Оюу ордыг олборлож байна. 2012 оны 4 дүгээр сард олборлолт нь эхэлсэн. Өдгөө ил уурхайд 560 орчим хүн ажиллаж өдөрт 100 мянган тонн хүдэр олборлон гаргаж байна.
15 метр өндөртэй доголуудыг 40 м өргөн замаар холбох бөгөөд үүгээр 290 тоннын даацтай өөрөө буулгагч машинууд хөрс, хүдрийг анхдагч бутлуур, эсвэл овоолго руу ангилан тээвэрлэнэ.
Тэсрэх бодисыг хийх нүхнүүдийг өрөмдөнө.
Цооногт тэсрэх бодис хийж тэсэлнэ. Ингэснээр хөлс малталтад бэлэн болно.
Тэсэлсэн чулуулгийг экскаватороор утгаж өөрөө буулгагч машинууд руу аваачаад ачна.
Хүдрийг өөрөө буулгагчаар анхдагч бутлуур луу зөөж, хоосон чулуулгийг овоолго руу тээвэрлэнэ. Ил уурхайд 290 тоннын 30 ширхэг “Комацу” ээлжээр ажилладаг.
Ил уурхайгаас авчирсан хүдрийг гар бөмбөгний хэмжээтэй болгон жижиглэж, 2.7 км урт туузан дамжуулгаар баяжуулах үйлдвэрт хүргэнэ.

Түүх
- Өмнөд Оюугийн ордын ил уурхайн хөрс хуулалтын ажил 2011 оны 8 дугаар сард эхэлсэн.
- “Оюу толгой”-н ордын анхны хүдрийг 2012 оны 4 дүгээр сард ил уурхайгаас олборлосон.
- Ил уурхай нь 1.5×2.7км харьцаатай талбайг хамрах бөгөөд 650 метр орчим гүнтэй байна.
Ил уурхайн үндсэн тоног төхөөрөмж
“Комацү” 930Е-4SЕ автосамосвал. Энэ загварын 1000 гаруй машин дэлхийн бусад уурхайд ажилладаг. 2700-3500- морины хүч чадалтай. Хөдөлгүүрийн гол давуу тал нь өгсүүр өөд хүч алдалгүй гардаг. Уурхайн гүний хэмжээ нэмэгдэх тутам өндөр үр бүтээмжтэй ажиллах боломжтой. Өндөр чанартай, удаан эдэлгээтэй, найдвартай ажиллагаатай, цахилгаан систем сайтай. Дугуй тус бүрт хөтлөгч хөдөлгүүртэй, хөдөлгүүр нь тосон хөргүүртэй. Хоёр “Бисарус 495HR” ган татлагат шууд утгуурт экскаватор ажилладаг. “Бисарус 495HR” ган татлагат шууд утгуурт экскаваторын шанага 56 метр кубын багтаамжтай, өндөр үр бүтээмжтэй ачих нэгж юм.
