Гадаадын тэтгэлэгт хөтөлбөр

“Оюу толгой” ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтайсургалт, боловсролын чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт 2010 оны 6 дугаар сард гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн дагуу дээд боловсролын салбарт таван жилийн хугацаанд хөрөнгө оруулан Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт Монголын их дээд сургуулийн 200 оюутан, Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт 30 оюутныг гадаадын их дээд сургуульд тус тус хамрууллаа.

“Оюу толгой” ХХК-ийнгадаадын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын оюутан, залууст гадаадын уул уурхайн чиглэлээр өрсөлдөхүйц нэр хүндтэй их сургуулиудад магистрын түвшинд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой байсан бөгөөд үүнд сургалтын болон дотуур байрны төлбөр, сар бүрийн стипенд, эрүүл мэндийн даатгал, сурах бичгийн төлбөр болон олон улсын нислэгийн зардлаас багтсанаас гадна тус компанид далдага хийж, цаашлаад Шинэ төгсөгч хөтөлбөрт хамрагдах давуу талтай байсан.

2016 оны байдлаар магистрын хөтөлбөрөө амжилттай дүүргэн эх орондоо буцаж ирсэн эхний 15 төгсөгчдийн 5 нь “Оюу толгой” ХХК-ийн ажилтан болсон бол энэ жил сурахаар явсан тэтгэлгийн сүүлийн оюутнууд 2018 оны зун эх орондоо буцаж ирэх төлөвлөгөөтөй байна.

Гадаадын тэтгэлэг хүртсэн 30 оюутнуудаас 18 нь Канадын Бритиш Колумбын их Сургуульд, 3 нь Австралийн Куртины их сургууль, бусад нь АНУ болон Канадын-ын нэр бүхий их дээд сургуулиудад суралцсан ба зарим одоо ч суралцаж байна.

Эдгээр 30 оюутнуудаас 22 нь уул уурхай болон уул уурхайтай холбоотой мэргэжлийн инженер, 3 нь геологч,2 нь нийгмийн эрүүл мэнд болон үйлдвэрлэлийн эрүүл ахуйч, 2 нь мэдээллийн технологийн мэргэжилтэн, 1 нь бизнесийн эдийн засагч мэргэжилтэн.