Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617
Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хаалт өчигдөр болж, хүрсэн үр дүнгээ хэлэлцлээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд 70 орчим мянган хүн ажлын байртай болсны нэг нь Оюу Толгой ХХК-ийн ажилтан С.Энхжаргал. Тэрбээр жилийн ажлыг дүгнэх хаалтын хурал дээр 70 мянган хүнийг төлөөлж үг хэлсэн.
МУИС-ийн Улстөр судлалын ангийг 2008 онд төгссөн С.Энхжаргалд ажил олдохгүй хоёр жил гаруй болжээ. Харин Оюу Толгой компанийн хэрэгжүүлж буй мэргэжилтэй ажилтан бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар түүний өмнө амьдралаа өөрчлөх том боломж нээгдсэн байна.
“Их сургуульд сурч байхад уул уурхайн салбар анхаарлыг маань татаж байгаагүй. Сургуулиа бакалаврын зэрэгтэй төгссөн ч ажил олдохгүй хэцүү байсан. Ер нь л миний үе тэнгийнхэн ихэнх нь сургуулиа төгсөөд ажлын байртай болж чадаагүй. Харин 2010 онд Оюу Толгой компанийн сургалтын хөтөлбөрийн талаархи мэдээллийг анх сонсоод би зарын дагуу очиж шалгалт өгч тэнцсэн. Эхлээд англи хэлний болон компьютерийн богино хугацааны сургалтад хамрагдаж, дараа нь Эрдэнэт хот дахь Технологийн сургуулийн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн операторын сургалтад нэг жилийн хугацаатай суралцсан. Сургалтаа 2011 оны долдугаар сарын 1-нд төгсөөд 18 хоногийн дараа би Оюу Толгой компанийн хүнд машин механизмын оператор гэсэн ажилтай болсон байлаа” хэмээн С.Энхжаргал ярилаа. Тэрбээр “Оюу Толгойд ажиллаж эхэлснээсээ хойш энэ төслийн Монгол Улсад үзүүлж буй ашиг тусыг бүрэн ойлгож, эх орныхоо ирээдүйн хөгжлийг өөдрөгөөр төсөөлдөг болсон. Энд ажиллаж байгаа мянга мянган монголчуудын цаана гэр бүл нь бий. Тэд бүгд Оюу Толгойн өгөөж, үр шимийг хүртэж байгаа. Монголын мэргэжлийн боловсролд Оюу Толгой компанийн оруулж байгаа хувь нэмэр миний адил олон залуусын амьдралыг өөрчилж, ирээдүйгээ өөрөө цогцлоох боломж олгож байна. Ямар ч төлбөргүй суралцаж мэргэжил эзэмшлээ, сурах бүх нөхцөл бүрдсэн, сар бүр тэтгэлэг авч байсан, одоо цалин өндөр ажилтай, орон сууцны зээлд хамрагдаж байгаа. Ирээдүйдээ итгэлтэй болж, улам өсч дэвжихийн төлөө хичээнэ дээ” гэж нэмж онцолсон юм.
Оюу Толгой ХХК нийгмийн хариуцлагыг түүчээлж, Монголын боловсролын салбарт оюуны хөрөнгө оруулах үр өгөөжтэй олон хөтөлбөр хэрэгжүүлж буй. Ойрын таван жилд мэргэжлийн боловсролын чиглэлээр 110 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, сүүлийн 35 жил байгуулаагүй мэргэжлийн боловсролын цогцолбор сургуулиудыг барьж эхлээд байна. БСШУЯ, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтран байгуулсан Санамж бичгийн хүрээнд жил бүр 3300 хүн мэргэжлийн сургалтад хамрагдаж, тэдний 70 хувь нь уул уурхай, зам, барилга зэрэг дэд бүтцийн салбарт ажлын байртай болж буй. Нэг үгээр, С.Энхжаргалтай адил олон залууст Оюу Толгой төсөл суралцах, ажиллах, мэргэших, өсч дэвжих боломж олгосоор байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү