“Өнгөрснөө хамгаалж, Өнөөг хадгалъя” тайланг олон нийтэд танилцууллаа

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Монгол Улс, Улаанбаатар хот – Оюу Толгой төслөөс санаачлан хэрэгжүүлж буй Өмнөговь аймгийн Соёлын өвийн хөтөлбөр боловсруулах ажлын эхний шатны үйл ажиллагааны тайланг олон нийтийн хүртээл болгон танилцуулах ажиллагаа 2011 оны 12-р сарын 14-ний өдөр Үндэсний түүхийн музейд боллоо.

Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж гуайн морин хуурын татлагаар эхэлсэн энэхүү ажиллагаанд Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил ба нийгмийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, БСШУЯ-ны Газрын дарга Ө.Сүхбаатар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Б.Дэндэвсамба, Соёлын өвийн хөтөлбөр боловсруулсан судлаачдын баг, зөвлөх хорооны гишүүд, соёлын өвийн чиглэлээр ажилладаг төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, манай нэртэй судлаач, мэргэжилтнүүд оролцсон юм.

“Монголын говь нутаг зөвхөн байгалийн арвин их баялагтай төдийгүй, нүүдэлчин Монголчууд бидний соёлын асар баялаг, онцлог өвүүдийг агуулсан бүс нутаг болохыг энэхүү төслийн тайлангаас та бүхэн харж болно. Энэ ажлын үр дүн нь говийн соёлын өвийг судалж тогтоох төдийгүй түүнийг хойч үедээ хэрхэн уламжлуулан үлдээх арга замуудыг тодорхойлсонд оршиж байгаа юм” хэмээн Оюу Толгой ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан тайлангийн ач холбогдлыг дүгнэн хэлсэн байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба “Оюу Толгой компанийн Соёлын өвийн хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэн мэргэд та бүхэнтэй хамтран ажилласан нь нэр төрийн хэрэг юм. Орон нутгийн удирдлагууд бид соёлын биет болон биет бус өвийн талаархи өөрсдийн мэдлэгийг дээшлүүлсний зэрэгцээ Өмнөговь аймаг түүх соёлынхоо дурсгалт газрын илүү сайн судалсан аймаг болно гэдэгт итгэл дүүрэн байна” гэж тэмдэглэв.

Тайланг монгол, англи хэлээр Оюу Толгой ХХК-ийн цахим хуудаснаас http://www.ot.mn/content/560.shtml хаягаар татаж авч үзнэ үү.

Жич: Энэхүү тайланд соёлын өв, дурсгалын нарийвчилсан байршил заасан мэдээллийг оруулаагүй болно.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн