Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617
Оюу Толгой компани орон нутгийн малчдын өв соёлыг хамтран тэмдэглэв
Улаанбаатар, Монгол улс (ot.mn) – Өнгөрсөн Баасан гараг буюу 11-р сарын 25-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багт болсон 1000 ботгоны баярыг Оюу Толгой ивээн тэтгэв. Энэ баярыг нийт дөрвөн удаа, анх удаа жил дараалан тэмдэглэж байгаа бөгөөд нутгийн малчид энэ баярыг ихээхэн билэгшээн үздэг билээ.
Баян баг Оюу Толгой төслийн талбайгаас 100 км-ийн зайтай байдаг бөгөөд энэ баярт нутгийн малчид өргөнөөр оролцсоны дотор Оюу Толгой компанитай хамтран ажилладаг нутгийн малчид байлцлаа.
Баярын үеэр хурдан тэмээ, сайхан буур, ингэ, атан тэмээ болон ингэ саах тэмцээн болсон байна. Мөн тэмээ, мотоцикл, гүйлтийн холимог буухиа тэмцээн зохиогдсон нь оролцогчдын сонирхолыг ихээхэн татлаа.
Монголын уламжлалт мал аж ахуйн салбарын өв уламжлалыг хадгалан, хөгжүүлж байгаа залуу тэмээчдэд Оюу Толгой компани өөрийн нэрэмжит уламжлалт шагналаа баярын үер гардууллаа.
Баярт тус багийн малчид, багийн засаг дарга М.Мягмаржав, сумын иргэдийн хурлын төлөөлөгчид болон Оюу Толгой компанийг төлөөлөн тус компанийн Орон нутгийн харилцааны ахлах менежер Г.Сугар, Газар ба соёлын өвийн ахлах ажилтан О.Цэрэннадмид нар оролцлоо.
Г.Сугар хэлэхдээ “Mанай компани 1000 ботгоны баярыг ивээн тэтгэж байгаадаа их баяртай байгаа бөгөөд энэ бол үнэхээрийн билэг дэмбэрэлтэй, сайхан баяр юм. Өмнийн говийн эрдэнэ болсон тэмээн сүргийн тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг энэ баяр илтгэн харуулж байна. Оюу Толгой компани Өмнөговь аймгийн соёлын өвийг хадгалж, хамгаалахыг, зорьж байгаа бөгөөд говьд зөвхөн ашигт малтмал төдийгүй соёлын асар их өв уламжлал энэ сайхан нутагт байдаг юм” гэлээ.
Оюу Толгой компани нь соёлын өвийг хадгалж, хамгаалахад онцгойлон анхаардаг бөгөөд Өмнөговь аймгийг бүхэлд нь хамарсан Соёлын өвийн хөтөлбөрийн багийн үйл ажиллагааны “Өнгөрснийг хамгаалж, Өнөөг хадгалах нь” нэртэй судалгааны тайланг удахгүй нийтэд хүргэнэ.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү