Ярилцлага: У.Сагамдолдой “Энэ бол ирээдүйн хөгжлөө тооцоолсон түүхэн нислэг”

Монголын анхны хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч ‘Аэро Монголиа’ компани Өмнөговь аймгийн Ханбогд сум руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхээр шийдвэрлэж анхны нислэгээ энэ сарын 1-нд хийв. Тус компанийн гүйцэтгэх захирал У.Сагамдолдойтой энэ талаар ярилцлаа.

-Танай компани Ханбогд сум руу шууд нислэг хийхээр болж анхныхаа нислэгийг хийлээ. Чухам ямар учраас ийм шийдвэр гаргав?
-Манай компани 2003 онд анхны нислэгээ үйлдсэнээс хойш 11 жил өнгөрчээ. Одоо орон нутгийн 11, олон улсын хоёр чиглэлд нислэг үйлдэж байна. Манайх Оюу Толгой төслийг анх эхэлснээс хойш өнөөг хүртэл агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаагаараа үнэхээр их бахархдаг. Оюу Толгой бол Монгол улсад түүхэн ач холбогдолтой том төсөл. Чухам энэ төслийн ачаар өмнийн говь руу нисэх зорчигчийн тоо ихээхэн нэмэгдэж байна. Үүнтэй уялдаад нислэгийн шинэ чиглэл нээгээч гэсэн хүсэлтийг орон нутгийн удирдлага, ард иргэд олонтаа тавьдаг байлаа. Энэ мэт учир шалтгааныг харгалзан үзээд ийм шийдвэр гаргасан хэрэг. Оюу Толгой компани Ханбогд сумын нутагт олон улсын стандартад нийцсэн ‘Ханбумбат’ нисэх онгоцны буудлыг хоёр жилийн өмнө байгуулсан юм. Тэр буудлыг үр өгөөжтэй ашиглаж бүс нутгийнханд агаарын тээврийн үйлчилгээг хүргэхээр зорьсон маань энэ. Оюу толгойн буянаар олон улсын стандарт шаардлагад нийцсэн агаарын тээврийн үйлчилгээ авах сайхан цаг өнөөдөр ийнхүү биеллээ олж байна. Нийслэлээс алсад оршдог өмнийн говийнхон ийм үйлчилгээг түрүүлж авах азтай байж. Ханбогд сумынхан саяхан 90 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Тэгэхээр энэхүү анхны нислэг тус сумынхан болон энэ бүс нутгийнхны хувьд түүхэн чухал үйл явдал болж байна.

-Долоо хоногт хэдэн удаа нисэх вэ?
-Хоёр удаа. Лхагва, бямба гаригт.

-Хэдэн хүний суудалтай, ямар маркийн онгоц нисч байх юм бол?
-Бидний саяын сууж ирдэг 50 хүний суудалтай, Голландад үйлдвэрлэсэн ‘Фоккер-50’.

-Зорчигч цөөн байвал алдагдал хүлээх эрсдэлтэй байж таарна. Үүнийг хэрхэн тооцоолсон бэ?
-Учирч болох бүхий л эрсдэлийг тооцоололгүй яах вэ. Юуны өмнө Оюу Толгойн уурхайн ажилчдыг зөөнө. Оюу Толгой компанийн ханган нийлүүлэгчид, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдад үйлчилнэ. Дээр нь бүс нутгийн зорчигчид нэмэгдэнэ. Ингэхээр байнга дүүрэн зорчигчтой байна гэж тооцож байгаа.

-Нислэгийн энэхүү шинэ чиглэл нээсний ашиг тус юу вэ?
-Энэ талаар олон зүйлийг хэлж болно. Юуны өмнө нислэгийн аюулгүй байдлыг хангасан хамгийн чанартай агаарын тээврийн үйлчилгээг өмнийн говийнхондоо үзүүлнэ гэж бардам хэлье. Ханбогд хүртэл 700 шахам км замыг автомашинаар туулна гэвэл наад зах нь 7-9 цаг явна. Зарим газар дэржигнүүр ихтэй шороон замтай. Ийм нөхцөлд тийм хол газар машинаар зорчиход эрсдэлтэй байж ч болох шүү дээ. Харин онгоцоор бол ганцхан цаг нисээд л буучихна. Ийм тохиолдолд зорчигч газраар арван цаг явах уу, агаараар нэг цаг нисэх үү гэдгээ сонгоно гэсэн үг. Ер нь өнөө үед цаг хугацааны хүчин зүйл, цаг хожно гэдэг маш чухал болсон шүү дээ. “Цаг бол алт” гэдэг биз дээ. Нийслэлд зайлшгүй хүргэж яаралтай эмчлэх өвчин зовлон тохиолдож болно. Тэр үед онгоц л аминд орно. Оюу Толгойн уурхайг дагаад бүс нутаг хөгжинө. Ингэснээр Оюу Толгой компани, орон нутгийн хоорондын түншийн харилцаа холбоо улам бэхжиж, хамтын ажиллагаа сайжирна. Бүс нутагт бизнес хөгжих таатай боломж бүрдэнэ. Говь нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болно. Төрөл бүрийн үйлчилгээ шинээр бий болж, хүрээгээ тэлнэ. Энэ бүхний дүнд нутгийн ард олны аж амьдрал дээшилнэ гээд тоочвол олныг хэлж болно. Ганцхан жишээ хэлэхэд ‘Ханбумбат’-д онгоцноос буусан зорчигчдыг Ханбогд, Манлай, Баян-Овоо зэрэг ойролцоохь сум, Оюу толгойн уурхай орчимд нутагладаг малчны хотонд хүргэх жижиг оврын автобус, таксины үйлчилгээ бий болно шүү дээ.

-Өмнөговийн иргэд Улаанбаатарыг зорих зорчигчид тасалбараа хаанаас яаж авах вэ?
-Үүнд санаа зовох хэрэггүй. Манайх Ханбогд суманд төлөөлөгчийн газраа нээсэн. Орон нутгаас нэг хүнийг сонгон төлөөлөгчөөр ажиллуулж байна. Төлөөлөгчийн газар тус сумын ‘Хархорум’ төвийн нэгдүгээр давхарт байрлаж байгаа. Даваагаас бямба гариг хүртэл өдөр бүр 9-18 цагт байнга ажиллана. Тэнд очиж зорчих тасалбараа авна. Суудал, тасалбар захиалъя гэвэл 88020036, 99048977 тоот утас руу залгаж болно.

-Зорчигчдын хамгийн сонирхож буй зүйл бол тасалбарын үнэ?
Тасалбарын үнэ нислэгийн чиглэлийн зай, үргэлжлэх хугацаа, тасалбарыг худалдан авах хугацаа, захиалга, хэзээ нисэх зэргээс хамаардаг, гэхдээ бид аль болох хямд төсөр тарифаар үйлчлэхийг хичээнэ.