Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой мэргэжлийн сургалтын төвөө нээлээ

– Энэ төв нь аюулгүй ажиллагааг хангах, стандарт тогтооход чухал үүрэг гүйцэтгэнэ –

Монгол Улс, Улаанбаатар хот – Оюу Толгой компани уурхайдаа мэргэжлийн сургалтын төв байгуулж, өнөөдөр нээлээ. Энэ төвд нэг ээлжиндээ 100 оюутан сурах боломжтой бөгөөд хичээлийн танхим, дадлагын хэсэгтэй. Дадлагын хэсгээ үйлдвэрлэлийн зориулалттай орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож, суралцагсдад онолын мэдлэгээ бататгах бололцоог бүрдүүлжээ.

Оюу Толгой компанийн Хүний нөөцийн Ерөнхий менежер Бенжамин Бригс нээлтийн үеэр хэлэхдээ “Тус төв нь өнгөрсөн оны 12 дугаар сард албан ёсоор хэрэгжиж эхэлсэн нарийн мэргэжлийн ажилчдын ур чадварыг хөгжүүлэх, дадлагажигч оюутнуудыг бэлтгэх хөтөлбөрийн нэг хэсэг юм. Өдгөө манай нарийн мэргэжлийн ажиллагсад болон дадлагажигч оюутнууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжтой боллоо” гэсэн юм.

Дорнод аймаг дахь Политехник коллежийн багш И.Жаргал “Мэргэжлийн сургалтын төвийг үйлдвэрлэлээ түшиглэн байгуулсан нь их онцлог болжээ. Хичээлийн танхим, дадлагын хэсэг нь хоорондоо зохицсон, тохилог сайхан орчин бүрдүүлсэн байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Оюу Толгой компанийн Мэргэжлийн сургалтын ахлах мэргэжилтэн А.Баярмагнай “Мэргэжлийн сургалтад хөрөнгө оруулна гэдэг бол ирээдүйдээ хөрөнгө оруулж буй нэг хэлбэр юм. Уурхайн талбарт буй 155 дадлагажигч оюутан, нарийн мэргэжлийн 291 ажиллагсдыг оролцуулаад өдгөө тус төвөөр үйлчлүүлсэн хүний тоо 400 хол даваад байна. Мэргэжлийн сургалтын төв дадлагажигч оюутнуудыг сургах, ур чадварыг дээшлүүлэх гол түшиц газар юм” гэж онцоллоо.

Сургалтын төвд Австрали улсын мэргэжлийн зэрэг олгох сургалт явуулах эрх бүхий туршлагатай, монгол багш нар ажиллаж байгаа юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.