Монгол Улс, Улаанбаатар хот – Өнөөдөр Монгол улсын Засгийн газар болон Оюу Толгой компани өмнөд бүсэд цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг бий болгох гэрээнд гарын үсэг зурж, Монголын цахилгаан эрчим хүчний сүлжээг бэхжүүлэх алхам хийлээ.
Ийнхүү, Эрчим хүчний яам болон Оюу Толгой компани өмнөд бүсэд цахилгаан эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг бий болгох цогц төлөвлөгөөг ажил хэрэг болгож урт хугацаанд дахь стратегийн хамтын ажиллагааны үндэс суурийг тавив.
Төрийн ордонд болсон гарын үсэг зурах ёслолд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож нэг талаас Засгийн газрыг төлөөлөн Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, нөгөө талаас Оюу Толгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Гүйцэтгэх ерөнхий захирал Крейг Киннел нар “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Рио Тинто компанийн Зэсийн Группийн Гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак хэлэхдээ “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ нь Оюу Толгойн хувьд эерэг ач холбогдолтой алхам болж байна. Үүгээр Засгийн газар болон Оюу Толгой компани нэгдмэл зорилгын төлөө хэрхэн хамтарч ажиллаж чаддагийг батлан харуулж байгаа юм. Энэ удаад бид өмнөд бүсд урт хугацаанд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай, найдвартай цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг бий болгох тал дээр хамтран ажиллах юм” гэв.
Эрчим хүчний сайд М.Сономпил “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлснээр дотоодын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал ихээхэн нэмэгдэж, Монголын цахилгаан эрчим хүчний сүлжээг улам бэхжүүлнэ. Мөн барилга бүтээн байгуулалтын үе болон ашиглалтанд оруулсны дараах үед ч хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэлээ.
Уг гэрээ нь эрчим хүчтэй холбоотой өргөн асуудлыг шийдэх ажлын хүрээг бий болгож байгаа юм. Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээний гол цөм нь цахилгаан станцыг барьж байгуулах, эзэмшиж ажиллуулах, холбогдох зардлыг санхүүжүүлэх, бие даасан хөндлөнгийн эрчим хүчний ханган нийлүүлэгчийг олон улсын тендерийн шугамаар сонгон шалгаруулах явдал бөгөөд уг цахилгаан станцын гол хэрэглэгч нь Оюу Толгой компани болох юм.
Ёслолын арга хэмжээнд төрийн яамны сайд дарга нар түүний дотор Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Таван Толгой Цахилгаан Станц төслийн захирал М.Энхсайхан, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд, Рио Тинто компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак, Туркойз Хилл Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Кэй Пристли оролцлоо.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.