– 250 хүний суудалтай, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий цогцолборын шав тавилаа –
Өмнөговь аймаг, Манлай сум – Оюу Толгой компани өчигдөр Өмнөговь аймгийн Манлай сумын 90 жилийн ойн босгон дээр тус суманд шинээр барих спорт цогцолборын шав тавилаа.
Манлай сумын ИТХ-ын дарга О.Бат-Эрдэнэ ёслолын ажиллагааг нээж хэлэхдээ “Оюу Толгой компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн манай сумын түүхт ойн босгон дээр орчин үеийн спорт цогцолбор барьж байгуулахаар шийдсэнд туйлын баяртай байна. Энэ бол маш том бүтээн байгуулалт болно. Энэхүү спорт цогцолбор тус сумынхны эрүүл аж төрөх, хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв идэвхтэй өнгөрүүлэх боломжийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм” гэв.
Оюу Толгой компанийн Орон нутгийн харилцаа эрхэлсэн ерөнхий менежер Ш.Байгалмаа “Бид ‘саахалт айлын санаа нэг’ гэлцэн бие биеэ хүндлэн дээдэлж, тусалж дэмждэг сайхан уламжлалтай. Чухам ийм уламжлалын үүднээс бид Манлай сумынхантай хамтран ажиллахдаа ямагт баяртай байдаг юм. Ирэх жил ашиглалтад орох уг барилгын ажлыг Монголын үндэсний компани гүйцэтгэж, Оюу Толгой компани бүрэн санхүүжүүлэх юм” гэв.
250 хүний суудалтай уг цогцолбор нь тамирчид, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тухыг хангасан спортын орчин үеийн иж бүрэн тоноглолоор бүрэн хангагдах юм.
Манлай сумын Засаг дарга Р.Бурмаа “Оюу Толгой компани манай сумынхантай хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд гээд олон чиглэлээр үр дүнтэй хамтран ажилладаг юм. Спорт цогцолбор барих ажилд бодит хөрөнгө оруулалт хийж, сум орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа Оюу Толгой компанийнханд нутгийн зон олон гүнээ талархаж байна” гэж ярилаа.
Дашрамд дурдахад, Оюу Толгой компани Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд өнгөрсөн жил мөн ийм спорт цогцолбор барьсан билээ.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.