– Геологич хүний амьдралын замнал болоод Оюу Толгойн ордыг нээсэн үйл явцыг энэхүү ном өгүүлнэ –
Монгол Улс, Улаанбаатар хот – Оюу Толгойн ордыг анхлан нээлцсэн нэрт геологич, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дондогийн Гарамжавын “Дурсамж-1” номын нээлт өчигдөр болж уншигчдын гарт хүрлээ.
Зохиогч энэ номдоо өвөг дээдэс болон өөрийхөө түүх, мэргэжлээ хэрхэн сонгосон, дорнод болон өмнөд Монголд хайгуул судалгаа хэрхэн хийсэн, Оюу Толгойн ордыг хэрхэн олж нээсэн, олон улсын хамгийн нэр хүндтэй Тэйлор Линдслейн нэрэмжит шагнал хүртсэн талаар, мөн өдгөө Монголын уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж буй Оюу Толгой компанид ажилласан тухайгаа өгүүлжээ.
Д.Гарамжавын нээсэн Оюу Толгойн орд 20 гаруй жилийн дараа ийнхүү зэсийн баяжмалаа экспортолж, улс орны хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулан дэлхийн уул уурхайн салбарт нэр цуугаа мандуулж, үйл ажиллагаа нь жигдэрсэн үндэсний тэргүүлэгч компани болон өргөжсөн нь ихээхэн бахархалтай үйл явдал юм.
Оюу Толгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх номын нээлт дээр хэлэхдээ “Оюу Толгой гэдэг айл галаа бадрааж, өрх гэрээ төвхнүүлсэн нь энэ бууралтай амин холбоотой юм. Д.Гарамжав гуайг Канадад уул уурхайн салбарын эрхэм дээд шагнал хүртэж байхад тэнд эх орноо төлөөлөн сууж байсан Элчин сайдын хувьд энэ хүнээр, Оюу Толгойгоор, эх орноороо үнэхээр их бахархаж байлаа” гэв.
Номын зохиогч Д.Гарамжав “Ийм ном бүтээнэ гэж эртнээс бодож явсан мөрөөдөл минь өнөөдөр ийнхүү биеллээ. Удахгүй та бүхэндээ номынхоо хоёр дахь ботийг нь өргөн барих болно” гэж ярив.
Энэ хорвоод эрдэнэт хүмүүний заяа олж төрсөн хэн боловч үр хүүхэд төрүүлэх, мод тарих, ном бүтээх гэсэн гурван чухаг үйлийг заавал гүйцэлдүүлэх учиртай гэсэн ухаант мэргэдийн үг бий. Монголчуудын “Ном дор мөргөмү” хэмээн сүслэн дээдэлдгийн учир утга ч энэ юм. Номын цагаан буян үргэлжид дэлгэрэх болтугай.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.