Хэвлэлийн мэдээ: Тогтвортой хөгжилд оруулсан хөрөнгө оруулалтаа тайлагналаа

– Оюу Толгой ХХК нийгэм, байгаль орчин, орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмрээ танилцуулав –

Монгол Улс, Улаанбаатар хот – Оюу Толгой компани 2013 оны Тогтвортой хөгжлийн тайландаа Монгол Улс болон Өмнөговь аймагт хэрэгжүүлсэн хөгжлийн хөтөлбөр, зорилтот бүлгүүдэд чиглэсэн арга хэмжээ, нийгмийн төслүүдийг дэмжихэд 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан тухайгаа дурджээ. Компанийн вэб хуудсанд байршуулсан 'Тогтвортой хөгжлийн тайлан 2013' тайланд аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн болон орон нутгийн хөгжил, боловсрол, сургалт, эдийн засгийн хөгжил зэрэг чиглэлээр тус компаниас хэрэгжүүлсэн хөтөлбөр, түүний зардлыг дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Крэйг Киннел хэлэхдээ "Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутаг, байгаль орчинд хөрөнгө оруулж, дэмжлэг үзүүлэхийг тогтвортой хөгжил хэмээн ойлгодог. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны нөлөөллөө зөв зохицуулан Монгол Улсын нийгмийн бүлгүүдийн харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, шударга ёсыг эрхэмлэн ажиллах, Монгол Улсын эдийн засагт голлох үүрэгтэйн хувьд түүний хөгжилд тус дэм үзүүлэхийн төлөө ажиллана гэсэн үг. Манайх өмнийн говьд хагас зуун жил ажиллах бизнесийн байгууллага учраас орон нутгийн иргэдийн итгэлийг хүлээх явдал хамгаас чухал гэдгийг сайтар ойлгодог билээ. Оюу Толгойгоос ихийг хүлээж байгаа нутгийнханд хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж байгаагаа бид нотлон харуулах ёстой. Жил тутам ил тод нийтлэх энэхүү тайлан нь манай компаниас гаргаж буй хүчин чармайлтын зөвхөн нэг хэсэг юм " гэжээ.

Тайлангийн зарим үзүүлэлтээс дурдвал:

  • 2013 онд аюулгүй ажиллагааны үзүүлэлт төлөвлөснөөс илүү сайн байлаа.
  • Архаг өвчлөлтэй ажиллагсдынхаа эрүүл мэндийг сайжруулах хөтөлбөрт хөрөнгө оруулж байна.
  • Уурхайн усны хэрэглээ нь олон улсын ижил төрлийн зэс, алтны уурхайнуудын дундаж үзүүлэлтээс хоёр дахин бага байгаа.
  • Оюу Толгойн уурхайн байгаль орчны нөлөөллийг хянах зорилгоор орон нутгийн малчидтай хамтран ажиллаж, хамтын оролцоотой мониторингийн хөтөлбөрийг улам өргөжүүлж байна.
  • Ханбогд сумыг байнгын эрчим хүчний эх үүсвэртэй болгож, хотын хөгжлийн урт хугацааны мастер төлөвлөгөөг хамтран боловсруулж байна.
  • Өмнийн говьд болон улсын хэмжээнд нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацааны бодит үр нөлөөг бий болгох зорилгоор ТББ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа төслүүдэд дэмжлэг үзүүлдэг.
  • “Үндэсний ажиллах хүчний хөтөлбөр”-ийг гурван жилд амжилттай хэрэгжүүлснээр ажилгүй байсан 13,500 хүн уг хөтөлбөрийн үр шимийг хүртэв.
  • Үндэсний ханган нийлүүлэгчдээс 820 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авч, өмнийн говь дахь худалдан авалтаа 78 хувиар нэмэгдүүллээ.

Тогтвортой хөгжлийн тайланг цаашид тогтмол нийтлэх бөгөөд ot.mn цахим хуудсанд бүрэн эхээр нь нийтэлнэ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.