Хэвлэлийн мэдээ: Хүүхдүүд нутгийнхаа шувуудыг танина

– Хүүхдүүд шувуу судлаач мэргэжилтнүүдтэй хамт нүүдлийн шувуудыг ажиглаж, амьд байгалиа таньж мэдэх эрдэмд сурч байна –

Өмнөговь аймаг, Даланзадгад – Өмнөговь аймгийн Даланзадгад хотын сургуулийн хүүхдүүд саяхан тэмдэглэсэн Дэлхийн нүүдлийн шувуудын өдрөөр говьд ямар шувуу амьдардаг болон нүүдлийн үед ямар шувууд дайран өнгөрдөг талаарх мэдлэг, ойлголтоо зузаатгалаа.

Шувуудын нүүдлийн гурван гол зам Монгол орны нутгаар дайран өнгөрдөг бөгөөд энэ удаагийн Дэлхийн нүүдлийн шувуудын өдрөөр нүүдлийн үедээ говийн нутгаар ямар төрлийн шувууд бууж амран, хүч тэнхээгээ сэлбэн нисч өнгөрдөг талаар шинэ мэдлэг, мэдээллийг сурагчдад хүргэжээ.

Оюу Толгой ХХК Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг 2011 оноос хойш жил бүр уурхайн талбай болон Ханбогд сумын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулан тэмдэглэж ирсэн юм. Энэ жилийн арга хэмжээг Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, аймгийн Байгаль орчны алба, Байгальд эвсэг багачуудын холбоо зэрэг байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Энэ өдрөөр сурагчид нүүдлийн шувуудыг таньж мэдэхийн зэрэгцээ шувуудтай холбоотой сонирхолтой тэмцээн уралдаанд оролцов. “Хэн олон шувуу мэдэх вэ” тэмцээнд Даланзадгад хотын 3 дугаар сургуулийн байгаль хамгаалах “Шонхор” клубын сурагч Г.Цэнгүүн, Б.Түмэнцогт нар түрүүлэв.

Аравдугаар ангийн сурагч Г.Цэнгүүн “Байгаль орчныг шувуудгүйгээр төсөөлөх боломжгүй гэж өглөөний танилцуулга дээр ярьсан. Үүнтэй би санал нэг байна. Зөвхөн говьд ирж харах боломжтой таван шувууг харвал шууд танина. Манай ‘Шонхор’ клуб байгаль дэлхийгээ хамгаалах чиглэлээр олон төрлийн ажил зохион байгуулдаг. Би өнгөрсөн жил клубынхэнтэйгээ Дундговь аймгийн Сайхан-Овоо сум болон Ёлын аманд очиж мод тарьсан. Энэ жил нүүдлийн шувуудын талаарх мэдлэгээ дээшлүүллээ” гэж ярилаа. Сурагч Б.Түмэнцогт хэлэхдээ “Манай сургуулийн газарзүйн танхимд янз бүрийн шувуудын тайлбартай зураг өлгөөстэй байдаг. Би тэр тайлбаруудыг нь уншсаар байгаад зөндөө олон шувуу мэддэг болсон. Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан байгаль дэлхийгээ, нүүдлийн шувуудаа хайрлан хамгаалцгаая гэж уриалмаар байна” гэв.

Энэхүү арга хэмжээний үеэр Даланзадгад хотын өмнөх Далангийн цөөрөмд нүүдлийн шувуудыг ажиглаж, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн, шувуу сонирхогч, гэрэл зурагчин Х.Түмэндэлгэр, Оюу толгой ХХК-ийн байгаль орчны хэлтсийн зэрлэг амьтны судалгаа, хамгаалал хариуцсан ахлах ажилтан Ц.Пүрэвсүрэн нар “Өмнөговийн шувууд” нэртэй гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнгээ толилуулсан юм.

Ц.Пүрэвсүрэн “Нийт 40 зүйл шувууны зургаар үзэсгэлэн гаргалаа. Хүүхдүүд говьд ийм олон шувуу байдаг гэж үү хэмээн гайхацгааж байна. Монголд тусгайлан шувуу ажигладаг хүмүүс цөөн байдаг учраас энэ удаагийн үзэсгэлэн танин мэдэхүйн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо” хэмээн ярилаа.

Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг 2006 онд анх зохион байгуулжээ. Тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тохиодог энэ өдөр нь нүүдлийн шувууд болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалахад олон нийтийн мэдлэг, экологийн боловсролыг дээшлүүлэх, шувуудаар дамжуулан байгаль орчноо хайрлан хамгаалахад олон нийт, ард иргэдийг татан оролцуулах зорилготой юм.

Оюу Толгой компани Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг, Соёл, спорт, аялал жуулчлалын болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамдаас хамтран хэрэгжүүлж буй Өмнөговь аймгийн биологийн олон янз байдал, байгалийн үзэсгэлэнт газруудын кино болон гэрэл зургийн сан байгуулуулах төслийг дэмжиж ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэгч багийнхан 2014 онд хөхтөн амьтан, шувууд, хэвлээр явагч, ургамал, шавьжийн гэрэл зураг, дүрс бичлэгийг баримтжуулах юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.