Нийтлэл: “Мехлопат”-аар овоглосон оньст хүрзийнхэн

Оюу Толгой компани саяхан шилдэг ханган нийлүүлэгчдээ ёслол төгөлдөр тодруулсан билээ. Шилдэг ханган нийлүүлэгч-нийгмийн хариуцлагыг эрхэмлэгчээр “Мехлопат” компани шалгарсан юм. Арваад жилийн өмнө байгуулагдсан тус компани уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн худалдаа, угсралт, засвар үйлчилгээ эрхэлдэг. Тэднийх бүтээгдэхүүнийхээ чанар, найдвартай ажиллагаагаар дэлхийд танигдсан томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд олон улсын зах зээлд тэргүүлэх шилдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа нийлүүлдэг. Үүний зэрэгцээ борлуулалтын дараахь техникийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдгээрээ харилцагчдынхаа талархлыг зүй ёсоор хүлээдэг аж. Чухам үүний ачаар “Мехлопат” Монголын уул уурхайн салбарт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэгч тэргүүлэх компаниудын нэг болж чадсан түүхтэй. Уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл тун олон янз. Эднийх экскаваторын шанага, түүний шүд, хамгаалах хэрэгсэл, явах эд анги, ган дээс, уул уурхайн үйлдвэрлэлийн тос, тосолгооны материал, алмаазан өрмийн тоног төхөөрөмж, ил, далд уурхайн кабель, дугуй, түүний хамгаалалтын гинж, туузан дамжуулгын тууз, гинж, холхивч мэт арваад төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Монголын уул уурхайн тэргүүлэх компаниудад нийлүүлдэг юм.

“Мехлопат” компани 2009 он хүртэл ОХУ-ын уул уурхайн тоног төхөөрөмжийг дагнан нийлүүлдэг байснаа таван жилийн өмнөөс “Bradken”, “WireCo world group”, “Bel-Ray”, “Nexans Amer-Cable”, “Flexco”, “Ryco hydraulics”, “Diaset product”, “Pewag”, “Aneng”, “Thiele”, “Thaer”, “Eurotire” зэрэг Америк, Канад, Австрали, Австри, Герман, Хятад, Малайзын арваад үйлдвэрийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр үр бүтээлтэй ажиллаж байна. “Bradken” бол уул уурхайн болон үйлдвэрлэлийн сэлбэг ханган нийлүүлэлтийн компани бөгөөд энэ салбарт 90 шахам жил тэргүүлсээр ирсэн, дэлхийн хэмжээний томоохон компани юм. Австрали, АНУ, Канад, Шинэ Зеланд, Хятад, Их Британи зэрэг дэлхийн олон оронд 30 гаруй салбартай, зургаан мянга гаруй ажилтантай гээд бодохоор аргагүй л том айл юмсанж. “WireCo world group” гэхэд ган дээс, синтетик олсны үйлдвэрлэл технологиор 80-аад жилийн туршлагатай, чанар, үйлдвэрлэл, техникийн шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч юм. Дэлхийн ган дээсний зах зээлийн 55 хувийг дангаараа ханган нийлүүлдэг гэсэн шүү. “Bel-Ray” бол уул уурхайн болон үйлдвэрлэлийн тос, тосолгооны материал үйлдвэрлэдэг дэлхийд танигдсан компани аж. Дээр дурдсан бусад компаниуд ч мөн л олон жилийн туршлагатай, олон улсад нэр алдраа дуурсгасан үйлдвэрлэгчид юм билээ.

“Мехлопат” гэдэг нь механическая лопата буюу оньст хүрз гэсэн утгатай үг аж. Оюу толгойн уурхайд одоо ажиллаж буй “Бикарус 7495” экскаваторыг оросууд тэгж нэрлэдэг юм байна. Тус компанийн гүйцэтгэх захирлыг Дуламсүрэнгийн Ганбат гэдэг. Увс аймгийн Малчин сумын унаган хүү тэрээр 2002 онд МУИС-ийг геофизикийн инженер мэргэжлээр төгсчээ. “Багануур”-ын уурхайд дөрвөн жил ажиллаад л “Мехлопат”-ын хүн болжээ. Энд ирээд ажлын гараагаа аж ахуйн нярваас эхэлсэн гэх. Эднийх арваадхан хүнтэй ч өнгөрсөн хугацаанд тун ихийг амжуулжээ. Тэдний эрхэм зорилго нь “таны уул уурхайн хэрэгцээг цогцоор нь”, алсын хараа нь “бид ажиллагч, харилцагч нараа эрхэмлэн уул уурхайн ханган нийлүүлэлтийн үйлчилгээг дэлхийн жишигт хүргэнэ”. Тэдэнд бас анхдагч байх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ил тод нээлттэй засаглал, нийгмийн хариуцлага гээд өөрийн гэсэн үнэт зүйлс бий. Ийм л ирмүүн бодол, өөдрөг үзэлтэй залуус тэнд ажиллаж байгааг харахад үнэхээр бахархмаар. “Мехлопат”-ынхан ажиллахын зэрэгцээ оюутны тэтгэлэгт хөтөлбөр, номын сангийн, хүүхэд хамгааллын, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, мод тарих, эко аялал, ажиллагчдын сургалт хөгжил, эрүүл мэндийг хамгаалах зэрэг цөөнгүй хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Чухам энэ бүхэн тэднийг “Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгч” гэх хүндтэй алдрын эзэн болгосон биз.

“Манай компани 2010 оноос эхлэн Оюу Толгойд бүтээгдэхүүн нийлүүлэн хамтран ажиллаж байна. Зарласан тендерт нь шударгаар өрсөлдөж шалгараад л ийм үүрэг хүлээж байгаа. Дэлхийн хэмжээний том уурхайд тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлснээр тэднээс маш их зүйл сурч байна. Аюулгүй ажилллагаа, засаглалын хувьд цэвэр байх, нийгмийн хариуцлагыг эрхэмлэх, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар гээд тоочвол зөндөө юм бий. Оюу толгойнхон ч үндэсний ханган нийлүүлэгчдийг байнга дэмжиж ажилладаг нь сайхан санагддаг. Тийм ч учраас тэдэнтэйгээ нягт хамтарч, харилцан ойлголцож, итгэлийг нь биелүүлэхийг хичээдэг юм” гэж Д.Ганбат захирал өгүүлж байна.

Оньст хүрзийнхэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Оюу Толгой компанийн шилдэг бичил ханган нийлүүлэгчээр мөн шалгарч байсан юм.