Монгол Улс, Улаанбаатар хот – Хөдөлмөрийн яамнаас эрхлэн “Хөдөлмөрийн салбар 7 хоног” арга хэмжээг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгуулав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй юм. Уг арга хэмжээнд тавь гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцсоны нэг нь Оюу Толгой компани юм. Оюу Толгой компанийн хамгийн гол зорилт, эрхэм зорилго бол аюулгүй ажиллагаа. Ийм ч учраас Оюу толгойн уурхайд Эрсдэлийг үзүүлэх сургалтын төвийг байгуулсан билээ.
Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогыг зохицуулах газрын дарга Б.Алимаа хэлэхдээ “Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр болгон зарласан юм. Энэ өдрийг угтаж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд аюул осол цөөнгүй гардаг, эрсдэлтэй салбар болох уул уурхай, зам, барилга зэрэг олон чиглэлийн аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож байна. Оюу Толгой компани гэхэд л аюулгүй ажиллагааны сургалтыг яаж явуулдаг, аюулгүй байдлыг хэрхэн хангадаг талаараа танилцуулсан нь олны сонирхлыг татлаа. Аль ч салбарт ажилладаг хүний хувьд аюулгүй ажиллагаа хамгаас чухал. Ийм учраас зөвхөн өөрийнхөө төдийгүй хамт ажилладаг хүмүүсийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой” гэв.
Уг арга хэмжээнд оролцосн бусад аж ахуйн нэгж, нийслэлийн төрийн байгууллагын нэгэн адил Оюу Толгой компани аюулгүй ажиллагааны талаар танилцуулга хийв.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.