– Аяны нээлтээр сургалт явуулж, мод тарьж, суулгац хүлээлгэж өглөө –
Монгол Улс, Өмнөговь аймаг – Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэхүү өдрийн гол зорилго нь эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа хамгаалах, нөхөн сэргээхэд гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, олон нийтийн мэдлэг, ухамсарыг дээшлүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх явдал юм.
Оюу Толгой ХХК 2011 оноос эхлэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд мод тарих өдрийг тэмдэглэж, үндсэн болон гэрээт гүйцэтгэгчидтэй хамтран уурхайн талбайд ногоон байгууламж байгуулах ажил өрнүүлж ирлээ. Бидний хамтын ажиллагаа уурхайгаас эхлэн жилээс жилд өргөжиж Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сум болон Даланзадгад хотод хүрээгээ тэлж байна. Тиймээс Оюу Толгой компани дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Мод тарих үндэсний өдөр”, хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Тарьсан модоо хэн хамгийн сайн ургуулах вэ – 2014” аяны нээлтээ 4 дүгээр сарын 19-21-нд хийж, иргэд, айл өрх, хамт олон, аж ахуйн нэгжүүдийг идэвхитэй оролцож, хамтран ажиллахыг уриаллаа.
Энэ арга хэмжээний хүрээнд Оюу Толгой компанийн Ханбогд сум дахь нутгийн ургамлын үржүүлгийн газар говийн бүс нутгийн ногоон байгууламжид ашиглах 13945 ширхэг мод, сөөгний суулгац нийлүүлэх хүсэлтийг Ханбогд, Манлай, Баян-Овоо сум, Даланзадгад хот болон уурхайд ажиллаж буй үндсэн болон гэрээт гүйцэтгэгч нараас хүлээн авч, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан хоёр өдрийн сургалт зохион байгууллаа. Ханбогд сум дахь Техникийн сургалтын төвд зохион байгуулсан сургалтад 73 хүн оролцсон байна.
Энэ үеэр “Говь цөлийн бүс нутагт ногоон байгууламжинд ашиглавал зохих мод, сөөгний төрөл, тэдгээрийн ач холбогдол, ургах орчны онцлог, тэдгээрийг үржүүлэх арга хэлбэр, зөв тарих, арчлах, услах, хамгаалах үйл ажиллагааны арга технологи” -ийн талаар Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн Ургамал судлаач Ж.Санжид, Мод үржүүлгийн газрын ажилтан Э.Алтанцэцэг, “Хөрсний бүтцийн онцлог, зүй тогтол, хөрс боловсруулах, үржил шимийг сайжруулах арга технологи”-ийн талаар МУИС-ийн Ой судлалын тэнхимийн багш, доктор С.Гэрэлбаатар, “Жимс, жимсгэний ургамлын ач холбогдол, өсөлт хөгжилт, жимсний цэцэрлэг байгуулах, ургуулах технологи”-ийн талаар ХААИС-ийн Агробиологийн сургуулийн Таримал судлал, Ой-Ургамал хамгааллын тэнхимийн багш, дад.профессор Н.Сайханцэцэг нар сургалт явуулж, чөлөөт ярилцлага, асуулт хариулт өрнүүлсэн юм. Мөн доктор Х.Жалбаа, А.Авирмэд нарын хайлаас, жигд, сухай, заг тарьж, ургуулах гарын авлага, ХААИС-ийн Агробиологийн сургуулийн Таримал судлал, Ой-Ургамал хамгааллын тэнхимийн багш, дад.профессор Н.Сайханцэцэгийн боловсруулсан “Өрхийн цэцэрлэгт жимс жимсгэнэ ургуулах” сургалтын гарын авлага, МУИС-ийн Ой судлалын тэнхимийн багш, доктор С.Гэрэлбаатар нарын сургалтын материал болон органик бордоо, түүнийг ашиглах тухай мэдээллийг оролцогчдод өглөө.
Аяны нээлтээр орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын захиалсан модны суулгацыг Ханбогд суман дахь Мод үржүүлгийн газарт хүлээлгэн өглөө. Үүнээс гадна Оюу Толгой уурхай, Ундай голын баруун эрэг дэх Геологийн хэлтэсийн дээж боловсруулах байгууламжийн гадаа танхимын бус сургалт хийж, мод тарьж, үндсэн болон гэрээт гүйцэтгэгчдэд захиалсан модны суулгацыг нь хүлээлгэн өгөв.
“Тарьсан модоо хэн хамгийн сайн ургуулах вэ – 2014” аян энэ оны 4 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 5 хүртэл үргэлжлэх юм.
Дашрамд өгүүлэхэд Ханбогд, Манлай, Баян-Овоо сумаас намар тарих суулгацын захиалгыг эдгээр сумуудын байгаль хамгаалагчид хүлээн авч, Оюу Толгой компанийн Байгаль орчны хэлтэстэй хамтран ажиллах юм байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.