Нийтлэл: Хоршиж ажиллахын давуу талууд

– Ажлын байр гаргаж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэллээ –

“Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай хүчтэй” гэж ярьдаг. Түүний адил хамтарч, хоршиж амьдрахын давуу талыг тоочоод байвал олон. Ялангуяа орон нутгийн иргэд, малчид хамтарч, хүч хөдөлмөрөө нэгтгэх хэрэгцээ шаардлага ч гарах болсон. Тиймээс Оюу Толгой ХХК-ийн ‘Малчдын амьжиргааг дэмжих хөтөлбөр’, Монголын хоршооллын сургалт мэдээллийн төвтэй хамтран 'Хоршооны хөгжлийг дэмжих' үйл ажиллагааг Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай, Ханбогд сумуудад өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хугацаанд нөлөөллийн бүсийн сумдын иргэд малчдын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилгоор хоршооны хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулж хэрэгжүүлсэн байна. Энэ ажлын үр дүн эхнээсээ гарч, сумуудад иргэдийн санаачлагаар таван хоршоо байгуулагдаж, ажлаа эхэлжээ.

Эдгээр хоршоодын нэг нь Манлай сумын 'Уран хийц бат холбоо' хоршоо юм. Тус хоршоо нь 2013 онд 13 гишүүнтэй байгуулагдаж, гишүүн бүр 150,000 төгрөгийн хувь хөрөнгө нийлүүлсэн байна. Гишүүдээ ажлын байраар хангахын тулд сумын төвд байр түрээсэлж, гоёлын болон ажлын гутал оёж байна. Энэ цехийн үйл ажиллагааг сумын захиргаанаас дэмжиж “Сум хөгжлийн сан”-аас гурван жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй 15 сая төгрөгийн зээл олгожээ.

'Уран хийц бат холбоо' хоршооныхон зээлээрээ оёдол, өнгөлгөөний машин зэрэг тоног төхөөрөмж, гутал үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд, туслах материал худалдаж авчээ. Цех нь өдөрт 10-аас доошгүй ажлын болон гоёлын гутал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хоёр гишүүн байнгын ажилтай болжээ. Тус хоршооны дарга Б.Нэргүй “Бид ажлаа эхэлснээс хойш 20 гаруй буриад гутал, 10 гаруй үстэй дотортой өвлийн гутал захиалгаар үйлдвэрлээд байгаа. Цаашид захиалгын тоо нэмэгдэх хандлагатай байна. Түүхий эдээ Улаанбаатар хотоос авдаг. Цагаан сарын өмнө захиалга ихтэй байсан” хэмээн ярилаа.

Тус хоршооныхон гутал оёдлоос гадна сүү, цагаан идээний үйлдвэрлэл явуулах юм. Энэ ажлыг нь дэмжиж Оюу Толгой компани хөргөгчтэй машин хандивлаж, үйлдвэрлэлийн байраа барихад нь зориулж барилгын материалаар тусалсан байна. Хоршооныхон удахгүй ажлаа эхлэх аж.

Хоршиж ажиллахаар санаачлага гаргасан малчид, иргэдэд малчдын бүлэг, хоршоо болон хуулийн этгээдийн тухай ойлголт өгөх, үүсгэн байгуулах, адил төстэй үйл ажиллагаа явуулдаг газруудаас туршлага судлах бизнес аялал зохион байгуулах, бизнесийн үйл ажиллагааг төлөвлөх зэрэг сургалт, зөвлөх үйлчилгээг үе шаттайгаар зохион байгуулжээ. Эдгээр арга хэмжээнд 'Уран хийц бат холбоо' хоршооныхон хамрагдаж, их зүйлийг сурч мэдсэнээ ярьж байсан юм.

Ийнхүү орон нутгийн иргэд хамтарч ажиллахын давуу талыг ойлгож, хоршоо байгуулан, шинэ ажлын байр гаргаж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэллээ.