Монгол Улс, Улаанбаатар хот – 'Mongolia Mining 2014' олон улсын уул уурхайн үзэсгэлэнд Оюу Толгой ХХК-ийн Хангамж, худалдан авалтын газрынхан оролцож, бизнесийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Г.Батбаатар Үндэсний болон Өмнөговийн ханган нийлүүлэлтийн хэрхэн дэмжиж байгаа талаарх бодлого, зорилт гүйцэтгэлийн тухай, мөн хэрхэн ханган нийлүүлэгч болох, мэдээ мэдээлэл хаанаас авч болох тухай танилцууллаа.
Mongolia Mining 2014 олон улсын уул уурхайн үзэсгэлэн Буянт-Ухаа спортын ордонд 2014 оны 4 дүгээр сарын 10-12-нд болж байна. Дөрөв дэх удаагийн үзэсгэлэнд 16 орны 120 орчим компани оролцож байгаа юм. Эндээс уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, технологитой танилцаж, хөгжлийн чиг хандлагыг мэдэхээс гадна хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авах боломж бүрджээ. Мөн эрдэс баялгийн үйлдвэрлэлийн салбараас гадна газрын тосны салбарыг хамарч буй бөгөөд зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтад чухал хэрэгтэй техник, тоног төхөөрөмжүүдийг ч дэлгэн харуулжээ.
Энэ үеэр Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн газраас уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар танилцуулжээ. Мөн 'Оюу Толгой', 'Эрдэнэс Монгол' ХХК болон 'Эрдэнэс Тавантолгой' ХХК, 'Эрдэнэт үйлдвэр' ХХК, 'Багануур' ХК, 'Шивээ-Овоо' ХК зэрэг томоохон уул уурхайн компаниуд оролцож, төсөл хөтөлбөр, хэтийн төлөв, худалдан авалтын шаардлагын талаар үзэсгэлэн гаргагчид, ханган нийлүүлэгчидтэй ярилцсан байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.