'Ханбогд хурд' компанийн гүйцэтгэх захирал Бат-Өлзийн Наранбаатартай ярилцлаа. Тэрээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул. БХИС-ийг төгссөн, төрийн захиргаа, удирдлагын мэргэжилтэй. Ид хийж бүтээх гучин хэдхэн насан дээрээ гялалзаж яваа залуу. 'Дорнын говь' компанид ачигч, Гашуун сухайтын боомтод гаалийн жолооч хүртэл хийж явсан, юм үзэж нүд тайлсан эр. Эхнэр, хоёр охиныхоо хамт амьдардаг. Гэргий Ч.Энхмаа нь түүний удирддаг компанид хүний нөөцийн менежер.
Компанийнхаа тухай товч танилцуулна уу?
Манай компани 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Хүн тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Ханбогд сум Оюу Толгойн уурхайн хооронд ажилчид зөөдөг юм. Би өмнө нь 2006 оноос эхэлж Ханбогд сум Оюу Толгойн уурхайн хооронд фургон машинаар хүн тээвэрлэж байсан юм л даа. Тэр туршлагадаа тулгуурлан энэ чиглэлээр ажилладаг компанийг зориглон байгуулсан хэрэг. Одоо үйлчилгээ маань өргөжиж, том оврын автобусаар ажилчдыг зөөж байгаа.
Ийм үйл ажиллагаа явуулах эрхийг хаанаас авдаг юм бэ?
Оюу Толгой компани ноднин жил тендер зарласан юм. Түүнд оролцоод л шалгарсан даа. Үнэнийг хэлэхэд эхлээд ялна гэсэн итгэл муухан л байсан. Гэхдээ шалгуур нь хэчнээн өндөр ч гэсэн Оюу Толгойнхон тендерээ шударгаар шалгаруулдаг юм билээ. Тэгээд л өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлээд сум, уурхайн хооронд хүн тээж байна.
Танай компани ам бүл олуулаа юу?
Тавь шахам хүнтэй, хориод автобустай айл даа. Жолооч нарын маань дийлэнх нь манай сумынх. Сум орон нутагтаа арав гаруй аж ахуйн нэгжтэй харилцдаг юм. Тендерт ялж үйл ажиллагаагаа эхэлснээс хойш ямар ч осол зөрчилгүй ажиллаж, аюулгүй ажиллагааг сайн хангаж байна. Рио Тинто компанийн тээврийн хэрэгсэл, жолоодлогын C3 нэртэй аюулгүй ажиллагааны стандартыг чанд даган мөрддөг гэсэн үг. Оюу Толгойн хамгийн гол шаардлага ч энэ шүү дээ.
Цэргийн сургууль төгсч огт өөр мэргэжилтэй болсон байж яаж яваад машин техниктэй орооцолдчихов?
Би чинь бүр бага, тавдугаар ангид байхаасаа машин барьж, техниктэй ноцолдсон нөхөр шүү дээ. Нэг үгээр хэлбэл, машины хоббитой гэж хэлж болох юм. Уралдааны машин хүртэл шохоорхоно. Одоо ч гэсэн хэн нэг жолоочид маань элдэв зүйл тохиолдлоо гэхэд өөрөө автобусаа бариад давхичихна шүү.
Оюу Толгой-той хамтран ажилласны ач тус их байх юм уу?
Оюу Толгойн буянаар орон нутагт цөөнгүй хүн ажлын байртай болж, аж амьдралаа хүний дайтай авч явна. Манай жолооч нар гар дээрээ сард 900 мянгаас нэг сая 200 мянган төгрөгийн цалин авч байна. Оюу Толгойнхон манайхыг орон нутгийн компани гээд үнэхээр их дэмждэг. Ажил үйлчилгээ, аюулгүй ажиллагааны талаар байнга зөвлөмж өгдөг. “Оюу Толгой”-гоос бидний ажилд үнэлгээ өгдөг юм. 2.5-аас дээш оноо авбал сайн гэж үнэлдэг. Манайх гурван оноо авсан. Маш өндөр шаардлага тавьдаг болохоор тэр шаардлага стандартад нь нийцсэн үйл ажиллагаа явуулаад сурч байна. Энэ бол том амжилт. Ийм болохоор тэдэнд баярлалаа гэж хэлэхээс яах вэ.
20-иод автобустай гэлээ, хаанахынх вэ?
Өнгөрсөн онд нэг бүр нь 50-120 сая төгрөгийн үнэтэй солонгос, хятад автобусаар паркаа шинэчилсэн. Гарааш, засварын газар, ажилчдын сууцтай. Засварын газарт сэлбэг хэрэгсэл хариуцсан ажилтан, автын инженер, цахилгаанчин, засварчид гээд мэргэжлийн чадварлаг хүмүүс бий. Хүн тээвэрлэнэ гэдэг ихээхэн хариуцлага шаардсан ажил гэдгийг манай жолооч нар сайн ойлгодог болохоор техникийнхээ бүрэн бүтэн байдалд маш их анхаарал тавьдаг. Манай компанид тээвэр зохицуулагч хоёр хүн байдаг. Тэд жолооч нартаа байнга хяналт тавина. Жолооч нараа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулна. Өглөө ажилд гарахад нь согтуурлын зэрэг байгаа эсэхийг үлээлгэж шалгана. Уурхай хүрэх замд хурдыг нь хэмжинэ. Оюу Толгой компаниас автобус болгонд хурд хэмжигч багаж GPS тавьж өгсөн. Дэлхийн хэмжээний ийм том компанитай хамтран ажилладаг гэхээр арилжааны банкныхан хүртэл манай компанид итгэдэг юм. Энэ бол нэр төрийн хэрэг. Ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлж байна.
'Ханбогд хурд'-ынхан сум орон нутагтаа аль хэр тусалж байна даа?
Сургалтын төлбөр, эмчилгээний зардал, уралдаан тэмцээний хандив, унаа унаш хэрэг боллоо гэдэг ч юм уу элдэв хүсэлт тасрахгүй шүү дээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд манай компани орон нутгийн төсөвт 100 гаруй сая төгрөгийн татвар төлсөн байна билээ. Энэ жил манай сумын 90 жилийн ой болно. Баяр наадмын зарим арга хэмжээг ивээн тэтгэх бодолтой л сууна.
Хариулт үлдээнэ үү