Өгүүлэл: Оюу Толгойг ‘жолоодож’ байгаа жолооч нар

Өмнийн говьд эхэлсэн Оюу Толгойн бүтээн байгуулалт нэгэнтээ ард үлдэж, өнөөдөр уурхайн олборлолт, баяжмалын үйлдвэрлэл тасралтгүй явагдаж байна. Монголын хамгийн том үйлдвэрийг 'жолоодож' байгаа жолооч нарыг та бүхэнд танилцуулж байна. Эднийг Оюу Толгойг жолоодож байгаа хүмүүс хэмээн нэрлэж болох юм.

Энэ хүнийг Ж.Батмөнх гэдэг. Түүнийг 10 гаруй жилийн өмнө Оюу Толгойд ирэхэд бүтээн байгуулалт дөнгөж эхэлж байв. Тэрээр баяжуулах үйлдвэрээс эхлээд олон барилга байгууламжийн хөрс хуулсан урт түүхтэй, анхдагчуудын нэг. Бас хүдрийг газрын хөрснөөс хутган ачих анхны дамжлага түүнийх. Ажил нь Ил уурхайн 'Бикариус' экскаваторын оператор. Энэ аварга хөлөг нэг удаа 120-130 гаруй тонн хүдэр хутгаж, ачдаг гэхээр ямархан хүчтэй техник болох нь мэдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ганцхан удаагийн хутгалтаар 26 'Зил-130' машины тэвшийг дүүргэнэ гэсэн үг. 'Бикариус' экскаватор дээр ажиллах анхны хүмүүст сургалт явуулахад тэрээр шилэгджээ. Тухайн үед багшлах Монгол хүн байгаагүй учир гадаадын зөвлөхүүд хичээл зааж байв. Ж.Батмөнх “Энэ техник маш өндөр бүтээмжтэй. Тиймээс зогсоохгүй, нэгэн жигд хурдаар ажиллах ёстой. Ачигч гэдэг их хариуцлагатай ажил. Би жолоодох гэдгийг удирдах гэж ойлгодог” хэмээн тайлбарлаж байсан. Тэрээр Оюу Толгойд ажиллаж байгаа хамгийн том техник жолоодож байгаагаараа бахархдаг.

Ж.Батмөнхийн 'Бикариус' экскаваторын ачсан хүдрийг баяжуулах үйлдвэрийн хүдрийн агуулах руу тээвэрлэдэг жолооч нарын нэг бол П.Дашгаадан. Ажил нь Оюу Толгой компанийн ил уурхайн оператор. Уул уурхайн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн. Түүний жолооддог 'Комацү 930Е-4SЕ' өөрөө буулгагч 3500 морины хүчтэй. Өнөөдөр Оюу Толгойд ажиллаж, нэг удаа 290 тонн ачаа ачдаг, 24 цагт дөрвөн тонн шатахуун зарцуулдаг, бүтээмж өндөртэй, хамгийн сүүлийн үеийн хөлөг жолоодож байгаадаа бахархдаг хүн. Жолооддог машиндаа сэтгэл хангалуун явдаг бөгөөд 'Комацу 930Е-4SЕ' хэдийгээр нүсэр том машин ч суудлын тэрэг шиг зөөлхөн, барихад эвтэйхэн. Бүхээг дотроо тохилог, даарахгүй, халууцахгүй, тоос шороогүй байдаг” хэмээн тайлбарлаж байв. П.Дашгаадан залуучуудад олны дунд биеэ зөв авч явах, зөв харьцахаас эхлээд хамт олныхоо дунд хэрхэн нэр хүндтэй, байр суурьтай болох талаар мэдлэг, туршлагаа байнга зааж өгдөг.

Ил уурхайгаас ачиж ирсэн хүдрийг Баяжуулах үйлдвэрт боловсруулж, зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Түүнийг зах зээлд хүргэдэг 100 гаруй жолооч бий. Тэдний нэг бол Н.Батдэлгэр юм. Оюу Толгой уурхайд баяжмалын тээвэр хийдэг 'Terra Express' компанид 2005 оноос ажиллаж байгаа аж. Оюу Толгой уурхай 2013 оноос зэсийн баяжмалаа дэлхийн зах зээлд нийлүүлж эхэлсэн үеэс тээвэрлэлт хийх болжээ. Тэд 32 машин бүхий хоёр цуваагаар, долоо хоногт гурван удаа баяжмал зөөнө. Н.Батдэлгэр цуваагаа ахална. Түүний ажил хариуцлагатай, нарийн цаг хугацаатай төдийгүй аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавина. Тиймээс нэг талдаа 120 км замыг 60 км цагийн хурдаар гурван цаг туулж, замдаа дөрвөн удаа зогсч, ачаагаа шалгаж нягтлах ёстой. Тэрээр “Оюу Толгойд ажиллаж байгаа бүх хүний хүч хөдөлмөр орж, үйлдвэрлэсэн баяжмалыг зах зээлд нь найдвартай, түргэн шуурхай хүргэж байгаадаа бахархаж явдаг” хэмээн ярилаа. Түүний хувьд Монголд 15 ширхэг байдаг 'Volvo PH 16' машин жолоодож байгаагаараа бас бахархдаг.

Оюу Толгой уурхайн олон ажилчин Улаанбаатар хотоос ажилдаа ирж, очдог. Тэднийг тээвэрлэдэг жолооч нарын нэг бол О.Отгонбаатар. Түүний хувьд уурхай руу явах ажилчдыг нисэх буудалд хүргэж, ирсэн хүмүүсийг тосно. Тэрээр 2002 оноос Оюу Толгойд ажиллаж байгаа туршлагатай ажилтан. Анх геологи, геофизикийн хайгуулд оролцсон бол дараа нь Улаанбаатар хотоос хүнс, бараа бүтээгдэхүүн хүргэх ажил хариуцдаг болжээ. Түүнээс хойш Орос 'Фургон'-оос эхлээд олон тэрэг жолооджээ. Оюу Толгой компанийн Улаанбаатар хотын оффист нийтлэг үйлчилгээний жолоочоор 2006 оноос ажиллаж, өнөөдөр 'Форд' таранзит мини автобус жолоодож байна. Ажилтнуудыг очих ёстой газарт хугацаанд нь хүргэхийн тулд цагаа баримтлахаас гадна аюулгүй ажиллагааг байнга мөрдөж, хариуцлагатай ажиллах ёстой. О.Отгонбаатар “Оюу Толгойн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ирээдүйг бүтээлцэж яваадаа бахархдаг” хэмээн ярилаа.

Оюу Толгой уурхайд, баяжуулах үйлдвэрт, Улаанбаатар дахь оффисын ажилчдын 94 хувийг Монголчууд бүрдүүлж байна. Тэдний төлөөлөл болох Монголын хамгийн том үйлдвэрийг 'жолоодож' байгаа жолооч нарыг танилцууллаа. Ийм олон мянган Монголчууд өмнийн говьд Оюу Толгой уурхайд эрдэс баялгаа боловсруулж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн