– Нийгмийн сүлжээ хэрэглэгчид уулзлаа –
Монгол улс, Улаанбаатар хот – Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн сүлжээний сайтууд сүүлийн хэдэн жилд хүмүүсийн амьдралыг ихээхэн өөрчилж байна. Өнөөдөр онлайнаар дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан авч, ном сонин уншиж, хүмүүс хоорондоо уулзах нь бодит амьдралаас ч илүү болжээ. Компани, албан байгууллагууд нийгмийн сүлжээний энэхүү боломжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн шинэ хэрэглэгч олох, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд үр дүнтэйгээр ашиглахыг хичээх болов.
Монголчууд, ялангуяа залуу үеийнхэн нийгмийн сүлжээг хамгийн идэвхтэй хэрэглэж байна. Олон байгууллага өөрийн гэсэн нийгмийн сүлжээний хуудастай болжээ. Сүүлийн үед зөвхөн мэдээ, зар жиргэхээс гадна нийгмийн сүлжээг ашиглах өөр олон арга бий боллоо. Үүний нэг жишээ нь нийгмийн сүлжээний оролцогчидтой нүүр тулан уулзах арга юм. Монголд нийгмийн сүлжээтэй хамгийн идэвхтэй ажилладаг Оюу Толгой компани бас нэг шинэ арга оллоо. Тус компани Фэйсбүүк дээр дагалдагч фэнүүдтэйгээ сар бүр уулзаж, үйл ажиллагааныхаа талаар төрөл бүрийн мэдээлэл өгч байна.
Сар бүрийн уулзалт өөр өөр сэдэвтэй. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард болсон уулзалтаар компанийн худалдан авалт, хангамжийн үйл ажиллагааг тайлбарласан нь залуу бизнес эрхлэгчдийг Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч болоход тус нэмэр болсон байх. Өмнөх уулзалтуудаар Оюу Толгойн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн яаж хамрагдах, компанийн нийгмийн хөрөнгө оруулалтыг яаж хэрэгжүүлдэг талаар тодорхой мэдээлэл өгсөн юм.
Оюу Толгой ХХК-ийн Нийгмийн сүлжээ, мэдээллийн төвүүдийн үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Чинзориг "Бид Фэйсбүүкт 86 мянган фэнтэй, Твиттерт 6100 гаруй дагалдагчтай. Олон хүн биднээс онлайнаар мэдээлэл авахыг хүсдэг. Ийм хүмүүстэй нүүр тулж уулзах ёстой гэж бид үзсэн юм. Энэ маань хэр үр дүнтэй байх бол гэж эхлээд эргэлзэж байсан. Хүмүүс компьютерийнхээ өмнөөс босч, бидэнтэй, мөн өөр хоорондоо уулзах гэж ирэх болов уу гэж бодож байлаа. Харин дээрх арга хэмжээ санаснаас тун амжилттай болсон. Ихэнхдээ 20-иод хүн уулзалтад ирдэг. Мэдээлэл олж авдаг. Тэдний хувьд энэхүү уулзалт нь зөвхөн онлайнаар л харилцаж байсан хүмүүстэйгээ танилцах сайхан боломж олгож байна” гэж ярилаа.
Тэрээр цааш нь "Нэг удаагийн уулзалтаар байгаль орчны нөлөөллийг бууруулах сэдвээр ярилцахын тулд компанийн холбогдох мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан. Түүнд оролцсон хүмүүс олон асуулт тавьснаас гадна манай мэргэжилтнүүдэд цаашид анхаарах зүлийн талаар ч олон чухал санаа хэлсэн шүү. Ханган нийлүүлэлтийн сэдвээр болсон уулзалт ч амжилттай болж, зарим оролцогч Оюу Толгойн ханган нийлүүлэгч болохоор шийдсэн гэж бид бодож байна. Ийм уулзалтыг цаашид ч зохион байгуулах болно" гэж өгүүлэв.
Дараагийн ээлжит уулзалт хоёрдугаар сарын сүүлчээр Оюу Толгой ХХК-ийн Улаанбаатар дахь Мэдээллийн төвд “Оюу Толгой олборлосон хүдрээ хэрхэн зэсийн баяжмал болгодог вэ” сэдвээр болно. Дэлгэрэнгүй мэдээллийг facebook.com/otmongolia болон twitter.com/otmongolia цахим хуудаснаас авна уу.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.