Аварга хутгагчийн жолоо атгагч

Өмнийн говьд эхлүүлсэн Оюу Толгойн бүтээн байгуулалт нэгэнтээ ард үлдэж, өнөөдөр уурхайн олборлолт, баяжмалын үйлдвэрлэл тасралтгүй явагдаж байна. Монголын хамгийн том үйлдвэрийг "жолоодож" байгаа жолооч нарыг та бүхэнд танилцуулж байна. Эднийг Оюу Толгойг жолоодож байгаа хүмүүс хэмээн нэрлэж ч болох юм.

Арав гаруй жилийн өмнө Ж.Батмөнхийг Оюу Толгойд ирэхэд бүтээн байгуулалт дөнгөж эхэлж байв. Түүний хувьд баяжуулах үйлдвэрээс эхлээд олон барилга байгууламжийн хөрс хуулсан урт түүхтэй, анхдагчуудын нэг. Бас хүдрийг газрын хөрснөөс хутган ачих хамгийн анхны дамжлага түүнийх. Ажил нь Ил уурхайн Бисариус эксковаторын оператор. Энэ хөлөг шанагаараа нэг удаа 100 гаруй тонн хүдэр хутгаж, ачдаг гэхээр ямархан хүчтэй аварга техник гэдэг нь мэдэгдэнэ. Бисариус эксковатор дээр ажиллах анхны хүмүүст сургалт явуулахад тэрээр сонгогджээ. Тухайн үед багшлах Монгол хүн байгаагүй тул гадаадын зөвлөхүүдээр хичээл зааж байв. Тэрээр "Энэ техник маш өндөр бүтээмжтэй. Тиймээс зогсоохгүй, нэгэн жигд хурдаар ажиллах ёстой. Ачигч хариуцлагатай ажил. Би жолоодох гэдгийг удирдах гэж ойлгодог" хэмээн тайлбарлаж байсан. Ж.Батмөнх Оюу Толгойд ажиллаж байгаа хамгийн том техникийг жолоодож байгаадаа бахархдаг.

Оюу Толгой өнөөдөр үйл ажиллагаа нь жигдэрч, тасралтгүй ажиллаж байна. Энэ үйлдвэрлэлд олон хүний хүч хөдөлмөр шингэдэг. Үүн дотроос Оюу Толгойг жолоодож байгаа жолооч нар ч багтана. Дараагийн удаа Ж.Батмөнхийн Бисариус эксковаторын ачсан хүдэр тээвэрлэдэг жолоочийн тухай өгүүлнэ.