Хэвлэлийн мэдээ: Ажлын байр хамгийн ихээр бий болгосон хөрөнгө оруулагчаар Оюу Толгой ХХК шалгарлаа

– Үйл ажиллагаа нь жигдэрч буй Оюу Толгой уурхай 7,600 орчим ажилтантай –

Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой компани өчигдөр (мягмар гараг) Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын хөрөнгө оруулагчдаас хамгийн олон ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжээр шалгарлаа.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан 'Торгоны зам' арга хэмжээ нь хөрөнгө оруулагчид, компанийн нийгмийн хариуцлага, сайн засаглал, ногоон бизнес зэрэг чиглэлээр гадаадын компаниудыг шалгаруулахаас гадна нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж, олон чиглэлээр хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллагууд, элчин сайдын яам, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг нь дэмжих зорилготой юм.

Зэсийн баяжмалын экспортоо өнгөрсөн зун эхлүүлсэн Оюу Толгой үйлдвэр нь ажлын байр бий болгож, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Тус компанийн нийт ажиллах хүчний 90 хувийг бүрдүүлж буй монгол залуусын нэг, Оюу Толгойд 2003 оноос хойш ажиллаж байгаа Баяжуулах үйлдвэрийн судалгаа, хөгжлийн металлургич Д.Бүдрагчаа “Оюу Толгойн бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлд шилжсэн түүхийг бичилцэж, өдгөө үйл ажиллагаагаа жигдрүүлэх үйлсэд оролцож байгаадаа би бахархдаг. Бид одоо барилга бүтээн байгуулалтаа ардаа орхиж, баяжмал үйлдвэрлэж, баялаг бүтээдэг бизнесийг хөгжүүлж байна” гэсэн юм.

Д.Бүдрагчаа металлургийн лабораторийн бүх төрлийн сорил хийх ажлын мэдээллийн бааз дээр суурилсан стандарт файлуудыг боловсруулах ажлыг амжилттай удирдаж, тус компанийн 2013 оны шилдэг ажилтан болжээ.

Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэбилэг “Торгоны зам шагналд манай хамт олон сэтгэл өндөр байна. Улс орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаагийн нэг нь ажлын байр бий болгосон үзүүлэлт юм” гэж ярилаа.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.