Бид Улаанбаатарын хамгийн хүйтэн өдрүүдийн нэг нэгдүгээр сарын жавар тачигнасан өдөр танилцсан юм. Налиныг угтахаар уруудан очихуй нүүр дүүрэн инээмсэглэсэн бүсгүй над руу гар даллан угтав. Энгэрт нь 'Тэргүүний геологич' тэмдэг гялалзана. Монгол Улсад геологи хайгуулын хөдөлмөр эрхэлсэн 10 жилийнхээ үр дүнд Туркойз Хилл компанийн хайгуулын менежер Налин Шах оны өмнөхөн тохиосон уул уурхайн салбарын 91 жилийн ойн тэмдэглэлт өдөр Монголын уул уурхайн салбарын дээд шагнал 'Тэргүүний геологич' цол тэмдгээр шагнагджээ. Хуучин социализмын үеэс хойш гадаад хүн энэхүү шагналыг хүртсэн анхны тохиолдол аж.
Ингээд амжилтын түүхээ хуваалцсан Налин Шах-д гүн талархал илэрхийлье.
Монгол Улсад анх хөл тавьсан түүхээсээ хуваалцана уу?
Би Хималай уулын бэлд оршдог Найнитал хотын Кумаон Их Сургуульд геологичийн мэргэжил эзэмшсэн. Монголд анх 2004 онд ирсэн. Яг арван жил болжээ. Монголд ирэхээсээ өмнө уул уурхайн дэлхийд нэртэй компани BHP-гийн Энэтхэгийн салбарт ажиллаж байв. Гэтэл Энэтхэгийн Засгийн газар хайгуулын зөвшөөрөл олгох бодлогоо чангалсантай холбогдуулан, манай ажил удааширч ирсэн. Олон компани хаагдаж, Энэтхэгийг орхин явсан юм. Яг энэ цаг үед, азаар Монголд уул уурхайн салбарын хөгжил цэцэглэлт эхэлж, надад Айванхоу Майнз компанийн охин компани Азийн Алтад ажиллах боломж тохиосон. Энэ бол гайхалтай цаг үе байлаа. Дэлхийн геологичид Монгол Улсын санал болгосон тэр боломжийг шүүрэн авч хөлгийн жолоо залж байв. Бизнес ч цэцэглэж ирсэн. Би 2004-2006 оныг Монголын хайгуулын салбарын алтан үе гэж хэлнэ.
Та яагаад геологичийн мэргэжлийг сонгосон юм бэ? Юу нөлөөлсөн бол?
Дунд сургуульд байхаас л газар зүй миний дуртай хичээл байв. Өндөр ууланд амьдардаг болохоор би уулс хэрхэн бий болдог, голууд яагаад хад чулууг тойрон урсдаг, чулуу хийгээд эрдсүүд өөр өөр байдгийн учрыг хачирхан боддог байлаа. Геологич болсон минь тэрхүү сониуч зангийн минь үргэлжлэл юм. Геологич хүн газар дэлхийн өнөөгийн тогтцыг төдийгүй эрт балар цагт ямар байсныг нь хүртэл судалдаг. Манай коллежийн багш биднийг асуулт асуух бүрт чулуу шороо хийгээд эрдсийн учрыг таниулахаар гадагш дагуулан гардаг байлаа. Хүрээлэн буй орчин тэр чигээрээ хичээлийн танхим болчихдог хэрэг. Геологийн ажил гадаа өрнөдгөөрөө онцлог. Би бүх хүнийг ядаж цөөхөн цагийн боловч геологийн хичээлд суугаасай гэж хүсдэг. Амьдарч буй газар дэлхийгээ ойлгон бахдах сэтгэл төрүүлдэг юм шүү.
Танай гэр бүлд танаас өөр геологич бий юу?
Байхгүй ээ. Гэхдээ манай өвөө ургамал судлаач байсан болохоор хөдөө хээрээр их явдаг байв. Өвөө минь бас аялах дуртай байсан. Энэ бүхэн намайг хөдөө хээрийн ажилд дуртай болгосон байж мэднэ. Геологич мэргэжил газар дэлхийг танин мэдэх боломж олгодог. Бас маш өргөн хүрээг хамардгаараа онцлог: шинжлэх ухаан, байгаль, аялал жуулчлал, урлаг соёл, хүмүүс хоорондын харилцаа гээд.
Уул уурхайн салбарт геолоогич ямар үүрэгтэй гэж?
Энгийнээр тайлбарлахад, уурхай нээхийн тулд тухайн газрын хөрсөн доорх эрдэс баялгийг нээн илрүүлэхээс ажлаа эхлэх ёстой. Заримдаа эрдэс чулуулаг ил байх тохиолдол бий ч ихэнхдээ, газрынхаа хөрсөн дор нуугдаж байдаг юм. Геологич түүнийг хайж олоод, дээжийн судалгаа хийнэ. Тэгэхээр геологич бол ашигт малтмалын ордын анхны нээлтийг хийдэг хүмүүс. Оюу Толгойг л гэхэд орос монголын геологичид анх 1980-аад онд нээсэн шүү дээ. Геологич хүн маш уйгагүй, шаргуу, бас эцэж цуцашгүй өөдрөг байх ёстой.
Олон улсын туршлага хуримтлуулсан геологичийн хувьд Монголын тухай, Монголын геологийн шинжлэх ухааны талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
Монгол бол тал, уулархаг бүс, говь хосолсон гайхалтай орон. Геологичдын хорхойг хөдөлгөсөн өргөн их газар нутаг энд бий. Оюу Толгой шиг асар том нээлт хийх боломж энд нээлттэй. Бас хайгуулын маш сайн зураглалтай орон. Гэхдээ газарзүйн агаарын соронзон судалгааны зураглал буюу EM болон хүндийн хүчний судалгааны мэдээлэл баримт байдаггүй. Ийм том орон зөвхөн газраас хийсэн зураглалтай байх хангалтгүй л дээ. Хэрвээ Монгол Улс Австрали, Канад зэрэг орнуудын адилаар агаарын соронзон судалгааны мэдээлэлтэй болчихвол, хайгуул хийгээд хөрөнгө оруулалтын салбарт асар их боломж гарч ирэх юм.
Таны намтарт алмаазны хайгуулын төсөл дээр ажиллаж байсан түүх байна билээ. Монголоос алмааз олдох боломжтой юу? Эмэгтэй хайгуулчны хувьд, манайд байдаг үнэт чулуунуудын талаар сонирхвол?
Алмаазны хувьд, 3-4 тэрбум жилийн настай тусгай чулуулаг байдаг юм. Монголд одоогоор тийм чулуулаг олдоогүй л дээ. Харин гоёл чимэглэлийн хувьд малахит буюу ногоолин гэж гоё чулуулаг бий. Гэхдээ хир нөөцтэйг нь би сайн хэлж мэдэхгүй нь. Ногоолингоор 5,000 жил гоёл чимэглэл хийж ирсэн бөгөөд Энэтхэгт ч их алдартай.
Энэтхэг хүүхнүүд алт их хэрэглэж харагддаг?
Тийм ээ, алтыг дээр үеэсээ эдийн засгийн баталгаа болгон худалдан авч, хадгалж ирсэн уламжлалтай. Ямар нэгэн баярт үйл явдлыг тохиолдуулан, хүмүүс алт худалдан авч хадгалдаг юм.
Геологийн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь хир өндөр бол? Эсвэл хэт тэнцвэргүй байна уу?
Эмэгтэйчүүд бага л даа. Элсэн цөл, ой, өндөр уулс гээд биеийн хүч шаардсан ажил болохоор тэр. Харин монголын геологийн салбарт эмэгтэйчүүдийнх нь эзлэх хувь үнэхээр сэтгэл хөдөлмөөр. Тэд маань эрчүүдтэй яг л эн зэрэгцэн ажилладаг юм. Оюу Толгой төсөлд гэхэд олон авъяаслаг эмэгтэй геологичид ажилладаг.
Геологич байхын гайхалтай тал?
Аль ч ажлын сайхан нь сайн гүйцэтгэлд байдаг шүү дээ. Геологичийн хувьд гэвэл хөдөө хээрээр адал явдал туулан, хайгуул хийнгээ цалин авч болдог ажил. Өөр нэг сайхан тал нь, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, ажлын байр бий болгон, шинэ технологи, хөгжлийг тэдний амьдралд авчирч байдагт оршдог. Жишээ нь, Өмнөговь аймаг гэхэд дэлхийн хэмжээний уул уурхайн компанийн үйл ажиллагаанаас үр ашгийг нь хүртэж байгаа. Оюу Толгой төсөлгүйгээр ийм богино хугацаанд ийм их хөгжил дэвшлийг төсөөлөх аргагүй.
Геологич болох хүсэлтэй Монгол залуучуудад та юу зөвлөх бол?
Геологич бол бид хичнээн гайхалтай гариг дээр амьдарч байгаагаа мэдрэн, бишрэх боломж олгодог мэргэжил. Дэлхий нь нарны аймгийн, магадгүй гариг ертөнцийн амьдрал оршин буй цорын ганц гариг. Амьдрал оршин буй өөр гариг байж магадгүй ч одоогоор тогтоогдсон нь үгүй. Дэлхийн зүй тогтлыг ойлгоход хувь нэмрээ оруулна гэдэг хүн төрөлхтний төлөө хийж буй үйлс. Газар дэлхийн нууц эрдэнэсийг илрүүлэхээс өөр гайхалтай ажил гэж байх уу? Түүнээс гадна чи өөрийнхөө, гэр бүлийнхээ, улс орныхоо сайн сайхны төлөө ажиллаж байгаа. Гол нь чи ажилдаа дурлаж чадвал амжилт гарцаагүй дагалдах болно. Бэрхшээлээс шантрах хэрэггүй ээ.
Оюу Толгойн хувьд анхны нээлт хийгдсэнээс хойш бүтэн 12 жилийн түүхийг туулж ирлээ. Эдүгээ Монголчууд Оюу Толгой төсөлд асар их итгэл тавьж буй. Та геологичийн хувьд Оюу Толгой төслийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?
Оюу Толгой бол дэлхийн хамгийн том зэсийн уурхай. Мөн Монгол Улсын хамгийн том үйлдвэрлэлийн нэг болохын хувьд хөгжил дэвшлийг дагуулах нь гарцаагүй. Харин эрдэс баялгийн талаар дорвитой бодлого, түүнийг баталгаажуулсан эрх зүйн орчин хэрэгтэй. Тэр дундаа газрын хэвлийн бодлого, түүний зөвшөөрлийн тал дээр. Хайгуулын зөвшөөрөл олгохгүй болчихвол геологичид нээлт хийх боломжгүй. Дэлхийн хүчирхэг эдийн засагтай орнууд эрдэс баялгийнхаа хүчинд босч ирсэн бөгөөд тэрхүү эрдэс баялгийг нь геологичид нээн илрүүлсэн байдаг.
Монголын эрс тэс уур амьсгалд геологич хүн, тэр дундаа эмэгтэй геологич ажиллаж амьдрахад амаргүй байх аа? Та ажил амьдралынхаа талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
Монгол Улс сүүлийн арван жилд нүдний минь өмнө хөгжин цэцэглэж ирлээ. Би Монгол дахь ажил амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Тийм ээ, хөдөө хээр газар, эрс тэс уур амьсгалд ажиллах мэдээж амаргүй. Гэхдээ үүнд дасахын тулд багахан хугацаа л хэрэгтэй. Боломжгүй асуудал биш шүү дээ. Бэрхшээл бол бий л дээ. Уурхайн байнгын хотхонууд тохь тухтай ч нүүдлийн хайгуулын анги өөр. Гэхдээ хамгийн том бэрхшээл бол цагаан хоолтон байх явдал. Арван жилийн өмнө шинэ ногоо олоход тун хэцүү байж билээ. Харин одоо бол импорт, ногооны хүлэмжүүд гээд байдал их өөрчлөгдсөн. Ер нь маш их өөрчлөлтүүд явагдаж байна. Ихэнхдээ эерэг өөрчлөлтүүд. Би энд амьдарч дассан болохоор компани маань намайг хэдий удаан ажиллуулахыг хүснэ тэр хүртэл би Монголд амьдрах болно.
Хариулт үлдээнэ үү