Нийтлэл: Үл тасрах өгөөж-2

– Бүтээн байгуулалтад оролцох ажилтан бэлтгэж байна –

Оюу Толгой компани мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургууль, оюутны байр шинээр барьж, сайжруулж байгаа талаар өмнө өгүүлсэн билээ. Тэгвэл сургууль барьж, засаж сайжруулахаас гадна оюутан сурагчид, багш нарыг хэрхэн дэмжиж байгаа талаар өгүүлье. Мэргэжил эзэмшиж, мэргэжлээрээ хаана гологдохгүй, хэний ч өмнө нүүр бардам ажиллах сайхан. Гэхдээ үүнээс өмнө мэргэжлийн боловсрол олгох сургуульд амжилттай, сайн суралцаж, төгсөх ёстой. Сайн сурахын тулд хувь хүнээс хичээл зүтгэл, мэрийлт шаардах ч тусламж, дэмжлэг бас хэрэгтэй. Ядахдаа л хэрэглээний мөнгөндөө санаа зовохгүй сурна гэдэг том боломж. Тиймээс Оюу Толгой ХХК улсын хэмжээнд уул уурхай болон барилга, дэд бүтэц, төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалтад оролцох 3,300 хүнийг гурван жилийн хугацаатай сургах төслийг Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Нийт 30 гаруй сая ам.доллараар санхүүжүүлж байгаа энэ төслөөр суралцагчдад сургалтын төлбөр, сургалттай холбоотой бүх зардлыг олгохоос гадна тэтгэлэг олгодог. Сайн мэргэжилтэн бэлтгэхийн тулд зөвхөн сурч байгаа хүмүүсийг нь дэмжээд явах нэг хэрэг. Үүнээс гадна анги танхимд сурсан мэдсэнээ ажлын байранд баталгаажуулах, дадлага хийх сургалтын тоног төхөөрөмжтэй байж илүү үр дүн гарах нь мэдээж. Гэхдээ алх, бахь төдийхөн биш хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж хэрэгтэй. Зөвхөн ном эргүүлж, онол үзсэнээр сайн сурч, сайн мэргэжилтэн болно гэдэг өрөөсгөл ойлголт. Иймээс Оюу Толгой компани манай улсын бүх аймаг, хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 27 төвд 3.2 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн юм. Зүгээр нэг өгсөнгүй тоног төхөөрөмж нийлүүлсэн үйлдвэрлэгч компани сургууль дээр нь очиж, өөрсдөө суурилуулж, ашиглах зааварчилгаа өгчээ. Үүнээс гадна зарим сургуульд тоног төхөөрөмжөө ашиглах иж бүрэн дадлагын төв ч байгуулсан аж. Эдгээр сургуулийн нэг нь Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв юм. Тус сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий авто засвар, цахилгаан, гагнуурын тоног төхөөрөмж өгч, дадлагын төв байгуулсан. Энэ төвтэй танилцах үеэрээ УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Орчин үеийн дадлагын тоног төхөөрөмж өгсөн явдал бол багш, оюун сурагчдын хүсэн хүлээсэн зүйл байсан гэж бодож байна. Энэ хөрөнгө оруулалт бол Монгол улсын хөгжил дэвшил, үүн дотроо хүний нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой хөрөнгө оруулалт болж. Хөдөлмөрийн яам бодлогоо өөрчилж байгаа. Оюутан, сурагчид 30-40 хувийг сургалтын танхимдаа онолын мэдлэгээ үзээд, 60-70 хувийг дадлагын байр болон үйлдвэрлэл дээр хийх бололцоо бүрдүүлснээр чадварлаг ажидчид гарна гэж тооцож байгаа” хэмээн ярьж байсан юм.

Онол биш дадлага давамгайлсан ийм сургалтыг үр өгөөжтэй явуулахад Оюу Толгой компанийн хандивласан тоног төхөөрөмж нэн хэрэгтэй, ёстой л нүдээ олсон ажил байлаа. Бас шинэ тоног төхөөрөмж дээр ажиллах багш нарт ур чадвар, мэдлэг ч хэрэгтэй болсон. Тиймээс дагалдах гарын авлага, сургалтын хөтөлбөрүүдийг нь хамт өгч, бүр үйлдвэрлэгчдийг нь авчран сургалт зохион байгуулсан. Өнгөрсөн жил гэхэд л Эрдэнэтийн Технологийн сургуульд 1.1 тэрбум төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж хандивлаж, Канад улсын цахилгаан механикийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Лаб Вольт компанийн мэргэжилтнүүдийг авчран багш нарт нь ашиглалтын талаар сургалт явуулжээ.

Сайн багш нар л сайн ажилтан бэлтгэнэ. Ийм шаардлагаар Оюу Толгой компани мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, олон улсын мэргэжлийн боловсролын дэвшилтэт арга технологи нэвтрүүлэхээс гадна багшлах боловсон хүчнийг олон улсын түвшинд хүргэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийнхөө хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарыг сургаж, мэргэшүүлэх болсон. Нийтдээ гурван жил үргэлжлэх багш нар сургах төслийг Австралийн эрх бүхий сургалтын байгууллага болох ИТАС групп явуулж байгаа. Тиймээс төгссөн багш нар Австралийн сургалтын тогтолцооны дагуу “Сургалт ба үнэлгээний гэрчилгээ 4, сургалт зохиох, хөгжүүлэх диплом” авч байна. Багш нарт заах арга зүй, үнэлгээ хэрхэн хийх, сургалт зохион байгуулах болон боловсруулах чиглэлээр сургаж байна. Энэ сургалт эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 152 багш төгсч, гэрчилгээгээ авчээ. Эднээс шилдэг 100 багш бусаддаа түгээн дэлгэрүүлэх сургалт хийх үүрэг хүлээгээд буй. Сургалтын онцлогийн талаар Австралийн мэргэжлийн ИТАС группын захирал Роб Грэхэм “Монгол улсад уул уурхай эрчимтэй хөгжихийн хэрээр мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ шаардлага ч өсөн нэмэгдсэн. Монголд мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж байгаа. Гэвч бид хамтдаа хичээвэл тун удалгүй Монголчууд дэлхийд гайхагдах сургалт, мэргэжилтэй хүмүүс болж чадна” гэж онцолж байсан юм. Оюу Толгой компани багш нарыг мэргэшүүлэх сургалтад хамрагдсан хүмүүсээс хамгийн сайн 30 хүнийг сонгож, бүх зардлыг нь гаргаж Австрали улсад туршлага судлах боломж олгодог. Эдгээр багш нар Австрали улсын мэргэжлийн сургалтын тогтолцоотой танилцахын зэрэгцээ тэндхийн мэргэжлийн боловсролын байгууллагууд сургалтаа хэрхэн зохион байгуулдаг, ямар шинэ техник, технологи ашигладаг, сургалтын орчин, дадлагын байрыг нүдээр үзэж, туршлага судалж, шинэ санаа ч авдаг. Австрали улс бол уул уурхай, үйлдвэрлэл эрчимтэй хөгжүүлж, тэндээ ажиллах мэргэжлийн ажилтнаа бэлтгэх талаар олон жилийн туршлага хуримтлуулсан газар. Тиймээс Монголын багш нар Австралийн мэргэжлийн боловсролын арга барилаас эх орондоо суралцана гэдэг том боломж юм. Оюу Толгой ХХК-ийн сургалтын ахлах ажилтан Д.Оргилмаа “Аливаа улсын хөгжлийн суурь нь мэдлэг, чадвартай ажиллах хүч байдаг. Тиймээс мэргэжлийн сургуулиуд, тэнд ажиллаж байгаа багшлах боловсон хүчнээ хөгжүүлэх шаардлага байнга гарч байгаа юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарыг сургах хөтөлбөр 2011-2014 онд явагдана. Бид энэ хугацаанд 1,000 гаруй багш, 60 гаруй удирдах ажилтан хамруулахаар төлөвлөж байна” хэмээн ярьж байсан.

Сургалтад хамрагдсан багш нар нийлүүлсэн тоног төхөөрөмжөө ажиллуулах, сургалт явуулах мэдлэг, чадвартай болж. Энэ бол сургалтын бас нэг үр дүн. Сургалтаа үр өгөөжтэй, хүртээмжтэй болгохын тулд Хөдөлмөрийн яамтай зөвшилцөн, төслийнхөө хугацааг сунгаж, Мэргэжлийн боловсролын салбарт ажиллаж байгаа 2,400 багшийг мэргэшүүлэн Австралийн гэрчилгээ олгох, шинэ багш нарыг ч сургахаар төлөвлөөд байна.

Цаг хугацаа, цар хүрээ, хэмжээний хувьд ч Оюу Толгой компанийн хөтөлбөр хувийн хэвшлээс Монголын мэргэжлийн боловсролын салбарт оруулсан анхны томоохон хөрөнгө оруулалт болж байна. Бас Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, мянга мянган мэргэжилтэй ажилтанд үр өгөөжөө өгч байгааг ч дурдах хэрэгтэй биз ээ.

Оюу Толгой компани мэргэжлийн боловсролд хөрөнгө оруулалт хийхээс зэрэгцээ оюутан залууст зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ талаар 'Үл тасрах өгөөж' цувралын дараагийн хэсэгт өгүүлэх болно.