– 2013-2014 оны хичээлийн жилд 40 оюутан Оюу Толгой ХХК-ийн тэтгэлгээр суралцана –
Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой компанийн 2013-2014 оны Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнуудад батламж гардуулах ёслол боллоо. 2010 онд Оюу Толгой ХХК Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамтай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурcан бөгөөд энэхүү Санамж бичгийн үндсэн чиглэл нь Монгол Улсын уул уурхай болон бусад холбогдох салбарт өндөр мэргэжлийн, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх явдал юм. Эдүгээ гуравдахь жилдээ хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хүрээнд олон ажлууд хийгдэж ирсэний нэг нь шилдэг оюутнуудыг улсын хэмжээнд тодорхой үе шаттайгаар шалгаруулан тэтгэлэг олгох хөтөлбөр багтдаг.
Шилдэг оюутнуудад батламж гардуулах ёслолын үеэр Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Оюу Толгой зөвхөн уул уурхайн компани биш, 'Оюунлаг хүмүүн Монголын баялаг'-г бүтээгч, дэмжигч байгууллага билээ. Та бүхэн аав ээжийнхээ болон Оюу Толгой компанийн итгэлийг дааж сайн суралцах үлдлээ. Уурхай дээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа бидний зүтгэл та бүхний амжилтаар жигүүрлэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Боловсрол, Шинжлэх ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Лувсанжамц “Боловсролын салбар шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ бодлогын хүрээнд 2010 онд байгуулсан Харилцан ойлголцлын Санамж бичгийн заалтуудыг хариуцлагатай биелүүлж ирсэн Оюу Толгой компанид Боловсрол, Шинжлэх ухааны яамны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Эзэн хичээвэл заяа хичээнэ хэмээх ардын үгийг санаж сайн суралцаарай “ хэмээн захилаа.
Оюу Толгойн дотоодын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт уламжлал ёсоор өнгөрсөн 9 дүгээр сард эхэлж гурван үе шаттай явагдсаны үр дүнд 35 оюутан шалгарчээ. Эдгээр оюутнуудын 24 нь ШУТИС, 8 нь МУИС, үлдсэн нь Орхон, Дархан уул аймгууд дахь Технологийн Их Сургууль болон Хөдөө аж ахуйн Их Сургуульд суралцаж буй оюутнууд юм. Харин гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлгийн болзлыг 5 оюутан хангажээ. Тэд АНУ, Канад, Австрали улсуудад уул уурхай, геологийн мэргэжлээр суралцах юм.
Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан ШУТИС-ийн 3-р курсын оюутан Б.Батзаяа “Монгол улсад зохион байгуулагддаг оюутны тэтгэлгүүдээс Оюу Толгойн тэтгэлэгт хөтөлбөрийг би хамгийн шилдэг нь гэж боддог. Энэ хөтөлбөрт шалгарсан тухай баярт мэдээг би сэтгэл догдлон хүлээн авсан. Хөтөлбөрт шалгарсандаа баяртай байгаагийн зэрэгцээ өндөр хариуцлага дагалдаж байгааг ухамсарлаж байна” гэлээ.
Тэгвэл гадаадад суралцах тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан ШУТИС-ийн төгсөгч М.Чинбат “Ажил хөдөлмөрийн гараанд маань чухал алхам болсон тэмдэглэлт үйл явдлыг хуваалцахаар ирсэн та бүхэнд баярлалаа. Оюу Толгойн энэ хөтөлбөр Монголын залуу үеийнхнийг дэмжих алсыг харсан бодлого гэдгийг тэмдэглэж хэлэхэд таатай байна” хэмээн онцлов.
Оюу Толгой ХХК-н тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн мөнгөн тэтгэлэг, хөдөө орон нутгаас ирсэн бол дотуур байрны төлбөр багтдаг. Хэрэв тухайн оюутан амжилттай сайн суралцвал сургуулиа төгстлөө уг тэтгэлгийг үргэлжлүүлэн хүртэх, Оюу Толгойд цалинтай дадлага хийх боломжтой. Харин олон улсын Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд сургалтын бүрэн төлбөр, амьжиргааны зардал, олон улсын оюутны эрүүл мэндийн даатгал, визийн төлбөр, замын зардлыг Оюу Толгой компани бүрэн даах юм.
Дашрамд тэмдэглэхэд, Оюу Толгой ХХК 2015 он гэхэд 200 оюутанд дотоодын, 30 оюутанд олон улсын их, дээд сургуульд суралцах тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Оюу Толгой ХХК-ийн Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудтай танилцана уу.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.