Сумын компанийн шинэ бизнесийн амжилт

“Оюу Толгой ХХК-тай хамтран ажилласнаар бидний бизнесийн туршлага нэмэгдэж, олон хүнийг ажлын байраар хангаж байна. Цаашид илүү ихийг хийж бүтээх итгэлтэй болж, захиалагч байгууллагаасаа ажил үүргээ сайн гүйцэтгэж байна гэсэн урмын үгээр мялаалгалаа” хэмээн “Буянт галба” ХХК-ийн захирал Б.Зулжаргал ярилаа.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын 'Буянт галба' ХХК жилийн өмнө байгуулагдаж, сумандаа хими цэвэрлэгээ, угаалгын үйлчилгээ эрхэлдэг байв. Үүний дараа үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр Оюу Толгой ХХК-иас зарласан Ханбумбат нисэх буудлын цэвэрлэгээ, үйлчилгээний гүйцэтгэгчийн тендерт шалгарч, энэ оны 2 дугаар сараас ажлаа эхэлжээ.

Энэ үйлчилгээ нь орон нутгийн компанийн хувьд шинэ бизнес байсан тул ажилтнуудаа Улаанбаатар болон Оюу Толгой уурхай дахь мэргэжлийн кофе бэлтгэгч, зориулалтын машин ажиллуулах зэрэг сургалтуудад хамруулан мэргэшүүлж, мөн аюулгүй ажиллагааны сургалтуудад хамруулсан байна. Ингэснаар гадаад, дотоодын үйлчлүүлэгчдийн эрэлт, шаардлагад нийцсэн амттай кофегоор үйлчилж, ажил үүргээ аюулгүй, найдвартай гүйцэтгэж байна. Эдгээр сургалтыг Оюу Толгой компаниас зохион байгуулжээ.  

Тус компани Оюу Толгойтой хамтран ажиллахаас өмнө ердөө хоёр ажилтантай байсан бол өнөөдөр 23 болж, орон нутгийнхаа иргэдийг байнгын ажлын байртай, тогтмол цалинтай болгон, тэдний амьдралд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм. Эднийх орон нутагт шинэ бизнес эхлэхээс гадна аж ахуйн нэгж болон өргөжиж, саяхнаас НӨАТ төлөгч, орон нутгийнхаа хөгжлийг бүтээлцэж байна.

“Оюу Толгой ХХК-тай хамтран ажилласнаар бидний бизнесийн туршлага нэмэгдэж, олон хүнийг ажлын байраар хангаж байна. Цаашид илүү ихийг хийж бүтээх итгэлтэй болж, захиалагч байгууллагаасаа ажил үүргээ сайн гүйцэтгэж байна гэсэн урмын үгээр мялаалгалаа” хэмээн 'Буянт галба' ХХК-ийн захирал Б.Зулжаргал ярилаа.

Тус компани цаашид хүний нөөцөө бэлтгэх, чадваржуулахаар зорилго тавин ажиллаж байна.