Хэвлэлийн мэдээ: Оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрүүдтэй танилцлаа

Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК-ийн Мэдээллийн төвд өнгөрсөн лхагва гарагт 'Нээлттэй хаалганы өдөрлөг' зохион байгуулагдлаа. Энэ үеэр оюутан залууст зориулан тус компаниас хэрэгжүүлдэг дээд боловсролыг дэмжих хөтөлбөрүүдээс танилцуулсан юм. Оюу Толгой компанийн Хүний нөөцийн хэлтсийн Сургалтын мэргэжилтэн Ё.Лхамаа хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ тэтгэлэг авсан оюутнуудын амжилтын түүхээс өгүүлсэн нь цугларсан хүмүүсийн сонирхлыг хамгийн их татаж байлаа.

Өнөөдөр Оюу Толгой компани үндэсний болон гадаадын, Өмнөговийн тэтгэлэг, дадлагажигч, шинэ төгсөгчдийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ жилийн арга хэмжээнд олон оюутан оролцож мэдээлэл авахын зэрэгцээ гадаад тэтгэлгийн шалгуур, үндэсний тэтгэлгийн ярилцлагад анхаарах гол зүйлс, голч оноог хэрхэн тогтоох вэ зэрэг өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авсан юм.

Өдөрлөгт ирсэн 'Газарчин' дээд сургуулийн геологийн ангийн оюутан Ч.Чойсүрэндорж “Өмнө нь ямар нэг тэтгэлгийн шалгаруулалтад орж байгаагүй. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч чадлаа” хэмээн ярилаа.

Өнөөдрийг хүртэл 100 оюутан үндэсний тэтгэлэг авсан байна. Уг тэтгэлгээр оюутнууд тухайн сургуульд суралцах жилийн сургалтын төлбөр, сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг авдаг бөгөөд орон нутгийн оюутан бол дотуур байрны төлбөрийг төлнө. Үүнээс гадна Оюу Толгой компанид дадлага хийх боломжтой юм.

Оюу Толгой компани үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг өнөөдөр 17:00 цаг хүртэл авах бөгөөд удахгүй гадаадын тэтгэлгээ зарлах юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.