Өмнийн говь дахь Оюу Толгой уурхайд Монгол орны өнцөг булан бүрээс олон мянган хүн ажиллаж байна. Тэдний нэг нь С.Ганболд. Тэрээр Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтэст ажилладаг юм. Төрж, өссөн нутаг нь Дорнод аймгийн Булган сум ч эдүгээ Өмнөговь аймгийн Ханбогд суманд оршин суудаг. Ажил хөдөлмөрийнхөө гарааг Өмнөговь аймгийн хилийн заставт алба хааснаар эхэлжээ. Оюу Толгойгоос 40 км-ийн зайд орших хилийн цэрэгт алба хааж 20 жил жолооны багшаар ажиллажээ. 2002 онд гавьяаныхаа амралтад гарч, 2003 оноос Оюу Толгой компанийн Байгаль орчны хэлтэст туслах ажилтнаар орж, эдүгээ 10 дахь жилдээ энэ албанд зүтгэж явна. Түүний ажлын өдөр өглөөний 5.30 цагт уурхайгаас машинаа барьж хөдөлснөөр эхэлж, 6.30 цагт эхний худгаа хэмжсэнээр үргэлжилнэ. Уурхайгаас 100 гаруй км-ийн тойрог доторхи 260 орчим уст цэгт хэмжилт хийдэг. Түүний ажлын талбай гэвэл 140-өөд худаг, 100 гаруй цооног. Тухайн сарын 7-26-ны хооронд эдгээрт хэмжилт хийнэ. Энэ хооронд графикийн дагуу ажиллаж, эхний худгийг сарын 8-нд хэмжсэн бол дараа сард яг тэр цагтаа хэмждэг. Анх 2003 онд усны хайгуул судалгааны зориулалтаар худаг өрөмдөж, түүнээс хойш хэмжиж байгаа аж. Тэр “Хэмжсэн бүх мэдээллээ тусгай санд хадгалж байдаг” хэмээн тайлбарласан.
С.Ганболд “Би жолооны багшаар 20 жил ажилласан. Энд ирээд л усны талаар анхны мэдэгдэхүүнтэй болсон доо. Өглөө ажилдаа гарахаасаа эхлэн хоёр цаг тутам мэдээгээ өгч, уурхайтай байнга холбоотой байдаг. Автомашинд GPS төхөөрөмж суурилуулсан учраас хаана, хэдэн км-т, ямар хурдтай явж байгаа зэрэг бүх мэдээлэл тэнд цаг, минутаар гарна. Бас хаана, хэдэн минут зогсоод хөдөлсөн гэх мэт бүх хөдөлгөөн хяналтад байдаг” хэмээн ярилаа.
Цооног, худгуудад 2-3 төрлийн хяналт, шинжилгээ байнга хийх нь олон талын ач холбогдолтой.Үүнийг худаг, цооногийн усны түвшинг хэмжээд өөрчлөлт гарч байгаа эсэх, чанарын өөрчлөлтийг хянахад ашигладаг аж. Усны чанарт анхан шатны болон лабораторийн мэргэжлийн нарийвчилсан шинжилгээ хийдэг.
Тэрээр гэртээ урьж, өөрийн аж амьдралаа танилцууллаа. Эхнэр нь цэргийн албанд дэд хурандаа цолтой ажиллаж байгаад чөлөөндөө гарчээ. Нэг охин нь Оюу Толгой компанид ажилладаг юм байна. Түүний гэргий П. Чулуун “Анх энэ суманд ирээд эзэнгүй тал дээр дөрвөн тал хашаа барьж байлаа. Хэзээ хүнтэй болно доо гэж нөхөртөө хэлж байлаа. Ханбогд сум 2012 оны хавраас хүмүүс нэмэгдээд, залуучууд шилжин суурьшаад, айлууд буугаад нэлээд өөрчлөгдсөн. Манай хашааны ар талаар шинэ гудамжтай боллоо. Залуу гэр бүлүүд газар аваад байшин барилга барьж байна. Харж байхад амьдрал ахуй нь дээшилж байна” гэж ярьсан юм. Энэ сумын нэг гэр бүлээс нэг хүн Оюу Толгойд ажиллаж байгаа юм. С.Ганболд “Ханбогд сумын амьдрал өглөө 4.30 цагт эхэлдэг. Залуучууд сайн ажиллаж байна. Ийм байдлаар манай улс, аймаг, сум ажиллавал хурдан хөгжих болов уу гэж бодож явдаг. Манай Байгаль орчны хэлтэс 2006 онд байгуулагдсан. Анх дөрвөн хүнтэй байсан бол өнөөдөр үндсэн болон гэрээт 60 гаруй ажилтантай, хоёр гадаад мэргэжилтэнтэй ажиллаж байна. Мэргэжил мэдлэгтэй залуучуудтай хамтран ажиллаж байгаа болохоор сэтгэл өөдрөг, сайхан байдаг. Говь нутаг их сайн устай. Хүмүүс говь гэхээр элсэн цөл гэж боддог. Төрөл бүрийн ургамал, ан амьтан гээд бүгд бий. Говийнхон усаа их хайрлаж, аль болохоор ариг гамтай хэрэглэхийг боддог тийм л ард түмэн” хэмээн санал бодлоо ярьж байлаа.
С.Ганболд шиг ийм л олон мянган хүний хичээл зүтгэлээр өмнийн говьд дэлхийд тэргүүлэгч Оюу Толгой уурхайг бүтээн байгуулж байгаа юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.