Амжилтын түүх: Ютагийн гурван монголын мөрөөдөл – Оюу Толгой

Хоёр цагийн турш илэн далангүй ярилцсаны эцэст тэднээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Тэд гэдэг маань Цогдэлгэрийн Чимэдюдон, Ганбатын Түвшинбат, Очирбатын Отгонбаяр нар. Гурвуулаа Оюу толгой компанийн тэтгэлгээр АНУ-ын Юта мужийн их сургуульд суралцаж буй оюутан. Залуу хүний чин эрмэлзэл, хүсэл зориг, ид хавыг үзүүлж, бөмбөрцгийн нөгөө бөөрөнд орших дэлхийн тэргүүлэх гүрний нэр хүндтэй их сургуульд амжилттай суралцаж, эх орныхоо нэрийг дуурсгана гэдэг хүссэн хүн болгонд амархан олдох хувь тохиол биш билээ. Чухам ийм аз од нь гийсэн цөөхөн монгол хүний төлөөлөл болсон тэр гурван залуугаа уншигч танаа танилцуулъя.

ГАНБАТЫН ТҮВШИНБАТ. Орхон аймгийн унаган хүүхэд. Эцэг нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт насаараа ажиллаж, эдүгээ гавьяаныхаа амралтыг эдэлж буй. Ээж нь өсвөр үеийнхнийг сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд амьдралаа зориулсан цэцэрлэгийн багш. Г.Түвшинбат маань төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд суралцаж байгаад алсын Америкийг зорих алтан боломж олсон нэгэн. Гэхдээ тэр алтан боломж тийм ч амархан олдоогүй гэнэ лээ. Юу гэвэл, Ютагийн их сургуульд элсэхээр анх удаа шалгалт өгөхдөө намтраа бичих, ярилцлагад орох гээд хамаг шалгуураа амжилттай давсан ч харамсалтай нь TOEFL-ийн шалгалтад ганцхан оноо дутсан гэж байгаа. Гэвч тэр шантарсангүй. Хэлний мэдлэгээ богинохон хугацаанд улам сайжруулж, хэдхэн сарын дараа мөрөөдөл болсон Америк тийш хөлгийн жолоо залжээ. Одоо тэнд металлургийн инженерийн мэргэжил эзэмшихээр сурч байна. Хоёр жилийн дараа сургуулиа төгсөөд эх орондоо ирнэ. “Америк багш нар манайхан шиг албархаг, шавь нараасаа хол хөндий биш, найз нөхөд мэтээр энгийн өөриймсөг ханддаг. Гэвч тэд жигтэйхэн шударга, хатуу шаардлагатай, оюутныхаа мэдлэг чадварыг яг л байгаагаар нь дүгнэдэг. Ийм байхад заасныг нь суралгүй яахав” гэж тэр ярьж байна. Г.Түвшинбат спортод дуртай, ялангуяа хөлбөмбөг тоглох.

ЦОГДЭЛГЭРИЙН ЧИМЭДЮДОН. Хорвоод хүн болсных нь дараа түүнд ийм нэг сонин атлаа ховорхон нэр хайрлажээ. Энэ нь 'Ногоон дарь эхийн мөнхийн сэтгэл' гэсэн утга төгөлдөр нэр ажээ. Энэхүү нэрийг эрхшээсэн хүн нь Буддын шашны нэртэй зүтгэлтэн Бакула Ренбүүчи гэнэ. Энэ эрхэм хүнийг монголчууд тун сайн мэднэ дээ. Энэтхэг улсаас манай оронд суух Элчин сайдаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, эртний найрамдалт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголд шашин номын буян шинээр өрнөх ариун үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан гавьяатай хүн байсан билээ. Монголчуудад зориулан өөрийнхөө хөрөнгөөр байгуулсан Бэтүб хийд нь эдүгээ Улаанбаатар хотноо сүндэрлэж байна.

Бакула багшаас насан туршид дуудуулах алдраа хүртсэн энэ бүсгүй Улаанбаатарын унаган иргэн. Түүний аав нь 1970-аад оны Монголын залуу үеийнхний шүтээн Инээмсэглэл хамтлагийн гишүүн, авьяаслаг хөгжмийн зохиолч Д.Цогдэлгэр. Ээж Д.Оюунцэцэг нь биологич. Багадаа эмч болъё гэж мөрөөддөг охин байж. Гэтэл түүний энэ бодлыг уул уурхайн орон – Канадад хуулийн мэргэжлээр сурдаг эгч нь 180 хэм эргүүлчихжээ. Тэгээд ШУТИС-ийн ашигт малтмал, баяжуулалтын технологичийн хуваарь аваад харихад эцэг, эх хоёр нь жигтэйхэн гайхсан гэдэг. “Юта муж маань цөлөрхөг газар. Хэчнээн цөлөрхөг боловч цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж асар ихтэй. Иргэд нь түүнийгээ маш их хайрлаж, байнга тордож байх юм. Зундаа Оюу толгойн уурхай байрладаг Ханбогдоос ч илүү халуун, өвөлдөө цас их унадаг нутаг. Айх аюулгүй, тайван амгалан газар. Байрандаа Вашингтоноос ирсэн америк охинтой цуг суудаг. Их сайн охин, бид хоёр одоо их сайн найзууд болсон. Анх Америкт очоод гудамжаар нь үй түмэн машин давхилдах мөртлөө явган хүн цөөхөн үзэгдсэнд их гайхсан шүү. Тэндхийн залуус багаасаа бие дааж амьдралын утга учрыг таньдаг. Хүүхдээ 16-18 нас хүрэнгүүт нь аав, ээж нь унах машин авч өгөөд байр түрээслүүлээд л тусад нь гаргачихдаг юм билээ. Ийм хүнд чинь шоудах зав яаж олдох вэ дээ” гэж тэрээр ярьж байна.

Ц.Чимэдюдон урлагийн хүний гэр бүлд өссөн болохоор төгөлдөр хуур муугүй тоглодог, Америкт очоод чөлөөт цагаараа балетаар хичээллэж байгаа аж. Энэ зуныхаа амралтаар морин хуур тоглож сурч буй, буцаж очоод монгол үндэснийхээ хөгжмийн гайхамшгийг найзууддаа үзүүлнэ, ирэх жилээс туялзуур сэлмээр хичээллэх санаатай гэж өгүүлэх. Тэрээр их сургуулийнхаа нэгдүгээр дамжааны хамгийн шилдэг оюутнаар шалгарч, олон орны оюутан залуус төдийгүй захирал, профессор багш нарынхаа хамгийн сайн таньдаг монгол хүн болсон байна.

ОЧИРБАТЫН ОТГОНБАЯР. Алс баруун хязгаар Увс нутгийн хөвгүүн. Дуунд мөнхөрсөн Чандмань улаан уулын ард сүндэрлэх Улаангом хотын хаяанд малын зах, малчдын хотонд ойрхон хүй цөглөж хүн болсон гэнэ. Аав, ээж хоёр нь хоёул геофизикч, усны инженер мэргэжилтэй болохоор багаасаа тэднийгээ дагаж хөдөө хээр явж, чухам тэднийхээ шийрийг хатааж геологич болъё хэмээн хатуу шийджээ. 2009 онд төрөлх нутагтаа дунд сургуулиа дүүргээд ШУТИС-ийн геологи, газрын тосны сургуульд элсчээ. Энэ хооронд Малайзад хагас жил орчим англи хэл үзсэн байна. Чухам тэнд номын дуу сонсч байхдаа л “гадаадад суралцаж боловсрол, мэргэжил эзэмших ёстой юм байна” гэдгийг мах ясандаа шингэтэл ойлгожээ. Ингээд гадаадад сургах тэтгэлэгт хөтөлбөр сонирхож эхэлж. Аз болоход 'Оюу толгой' компани тийм хөтөлбөр зарласныг сонсч, холбогдох мэдээлэл авч түүнд хичээнгүйлэн бэлтгэж эхэлсэн аж. Түүний чармайлт талаар болсонгүй. Дараа жилийнх нь хавар шалгалтад тэнцэж, Америкт суралцах эрх авчээ.

О.Отгонбаяр маань тэнд суралцах хугацаандаа Мексик улсад цөөн хоногоор очиж, мексик залууст англи хэл заажээ. “Тэндхийн оюутнуудад сурах нөхцөл манай орныхоос ч маш хүнд байдаг юм билээ. Хэдийгээр тийм хүнд нөхцөлтэй ч чармайн суралцаж байгаа мексик залуусыг хараад бахархаж байлаа. Монгол залууст Монголдоо сайн суралцаж, шилдэг мэргэжилтэн болох боломж бүрэн байна. Үүнийг үе тэнгийнхэн маань сайн ойлгоосой. Гадаадад суралцах гэж бодож байгаа бол англи хэл маш сайн эзэмш, бас сэтгэл зүйн бэлтгэл сайн хийгээрэй. Ёс заншил, шашин шүтлэг, орчин нөхцөл өөр, аав ээжээсээ холдож үзээгүй болохоор эхэндээ жаахан хэцүү л байдаг. Гэхдээ монгол хүн амархан дасан зохицдог юм билээ” гэж тэрээр үе тэнгийнхэндээ захиж байлаа.

Оюу толгой компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей Америк руу анх явахаас нь өмнө тэдэнтэй уулзахдаа “эрдэм номдоо шамдан суралцаж, эх орондоо хэрэгтэй сайн мэргэжилтэн болох зорилгодоо заавал хүрээрэй” хэмээн захисныг тэд 'заавал биелүүлнэ' хэмээн амлаж байна лээ. Чухам ийм л хүсэл эрмэлзэлтэй, хэлсэн амандаа эзэн болох хойч үеийнхэн маань Монголын ирээдүйн эзэн, улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох нь дамжиггүй.

“Ютагийн их сургууль бол Америкийн төдийгүй дэлхийн ТОП сургуулиудын нэг. Төрийн мэдлийн сургууль. Ялангуяа анагаах ухааны чиглэлээр ихээхэн нэрд гарсан. Нэг сонирхолтой баримт манай сургуульд бий. Юта мужийн нийслэл Солт-лейк сити бол 2002 оны өвлийн олимп болсон хот. Олимпийн тэмцээн болсон спортын бүхий л цогцолборыг манай сургуулийн мэдэлд шилжүүлж, тамирчдын байрлаж байсан сууцанд нь одоо манай сургуулийн оюутнууд суудаг юм. Хичээлдээ автобусаар явсан ч, алхаад очсон ч ойрхон. Оюутны дотуур байр тун тохилог. Номын сан, хоолны газар, интернэт гээд хэрэгцээт бүхэн бий. Оюутны хотхонд архи уух, тамхи татах цээртэй. Архи бол бүр цаазтай. Тэр ч байтугай бидний амьдардаг хотод архины ганцхан дэлгүүр бий гэсэн шүү. Америк оюутнууд амралтын өдөр болон хичээлийнхээ зав чөлөөгөөр манайхан шиг баар хэсч шоудаад, хэрүүл маргаан хийж, гэмт хэрэг өдүүлдэггүй. Биеийн тамир, спортоор хичээллэх, түүх, соёл, байгалийн дурсгалт газруудаар аялах дуртай. Оюутны олон байгууллага суралцагчдадаа зориулан урлаг, соёл, спорт, мод тарих гэх мэт сайн санааны төрөл бүрийн арга хэмжээг байнга зохиодог” хэмээн тэд ярьсан юм.

Ютагийн гурвын сургалтын болон дотуур байрны төлбөр, ирж буцах онгоцны тийзний үнэ, хоол ундны зардал гэх мэт амжилттай суралцах бүхий л нөхцөлийг хангахад бүрнээ хүрэлцэхүйц санхүүжилтийг Оюу толгой компани, Рио Тинто групп бүрэн даадаг болохоор хичээл сургуульдаа шамдахаас өөр санаа зовох юмгүй. Сард халаасны мөнгө гээд 150 “ногоон” авчихна. Суралцах богинохон хугацаандаа дэлхийд томоохонд багтдаг, 100 гаруй жилийн түүхтэй Кеннокотын зэсийн уурхайд хоёр сар шахам дадлага хийгээд амжиж. Дашрамд дурдахад Рио Тинто групп энэхүү Кеннекотын уурхайн зэс, Оюу толгойн ордоос олборлосон металлын дээжээр 2012 оны Лондоны зуны олимпийн наадмын аваргуудад гардуулсан 4700 багц медаль бүтээснийг, “Уурхайн гүнээс аваргын энгэрт” сэдэвт үзэсгэлэн Оюу толгой компанийн мэдээллийн төвд болж байсныг уншигчид сайн санаж байгаа байх аа. Ээж аав, гэр орноосоо холдож үзээгүй тэдэнд харь газар амьдарч, эрдэм сурахад амаргүй нь мэдээж. Эх орондоо суугаа аав ээж, найз нөхөдтэйгөө өдөр бүр харилцаж, захиас сургаал зөвлөгөөг нь сонсоно. Энэ бүхэн тэдэнд сурч мэдэх эрч хүч, урам зориг өгдөг аж. Өнгөрсөн долоо хоногт өмнийн говьд очиж Оюу толгой-н уурхайг анх удаа нүдээр үзээд иржээ. Эх оронд минь тийм том бүтээн байгуулалт бий болсныг хараад баярлах, бахдах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн гэж тэд өгүүлж байна. Манай хэдийг анх Америкт очиход өвөрмонголчуудтай их андуурдаг байж. Харин олон улсын оюутны өдрөөр тусгаар улсынхаа алтан соёмбот Төрийн далбааг өргөж, монгол дээлээрээ гоёсноос хойш андуурахаа больжээ.

“Америкт суралцах боломж Монголын залуучуудад нээлттэй байгаа. Гэхдээ тэнд суралцах хүсэл хэчнээн их байсан ч шалгуур тун өндөр. Тэр өндөр давааг давахад тун амаргүй шүү. Ялангуяа англи хэлний мэдлэг тааруухан бол тийм боломж огт олдохгүй” гэж Оюу толгой компанийн сургалтын албаны ахлах мэргэжилтэн Л.Удвал хэлж байна. Түүний ярьснаас үзвэл, Америкт суралцахын тулд TOEFL-ийн шалгалтыг найман удаа өгч байж тэнцсэн тохиолдол ч бий гэнэ. Л.Удвал Ютагийн гурваас “одоо чихний чинь бөглөө арилаа биз дээ” хэмээн асуухад тэд “арилсаан” гэж итгэлтэй хариулна билээ. Энэ нь англи хэлээр ямарваа зүйлийн утга учрыг сайн ойлгодог болсон шүү гэсэн үг юм.

Манай гурвын мөрөөдөл бол их сургуулиа амжилттай дүүргэж, эх орныхоо хэрэгцээт мэргэжил эзэмшээд дэлхийд эхний тавд багтах уул уурхайн том төслийг хэрэгжүүлж буй Монголын уул уурхайн тэргүүлэх компани Оюу толгойд ажиллах. Тэдний гэгээн мөрөөдөл биелэх цаг төдий л холгүй биз ээ. Тэд тэрхүү хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр алсын Америкийг удахгүй зорино. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөж ирнэ” гэдэг дээ. Та гурвынхаа эрдмийн аяны дөрөөг сүүгээр мялааж, алтан шар зам чинь өлзийтэй байхын өлзийт ерөөл бэлгэдье.

Б.БАТБИЛЭГ