Хэвлэлийн мэдээ: Оюу Толгойн зэсийн баяжмалын экспорт эхлэв – энэ бол компани болон Монгол Улсын хувьд тэмдэглэлт үйл явдал мөн

– Зэсийн баяжмалын экспорт эхэлсэнээр Оюу Толгой компани бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн үе шат рүү шилжиж байна –

Монгол улс, Улаанбаатар хот – Монголын дэлхийн түвшний зэс, алт олборлолтын Оюу Толгой ХХК зэсийн баяжмалын экспортоо эхэлж байна. Бүтээн байгуулалтын үе шатыг дуусгаж, аюулгүй, тогтвортой уурхайн үйл ажиллагаанд шилжиж буйн илэрхийлэл болсон энэхүү анхны экспорт нь тус компани болон Монгол Улсын хувьд хөгжлийн чухал үе болж байна.

Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл ('ТУЗ') худалдааны гэрээг хянаж үзсэний дараа зэсийн баяжмалыг экспортод гаргах асуудлыг санал нэгтэй сайшаан дэмжсэн юм. ТУЗ зэсийн баяжмал экспортлохтой холбоотой болон баяжмалаа үргэлжлүүлэн худалдах зөвшөөрөл өгөөд байна. Хөрөнгө Оруулалтын Гэрээнд зааснаар Оюу Толгой ХХК өөрийн үйл ажиллагаа болон экспортын орлогын зохицуулалтаа ил тод, нээлттэй байлгах эрмэлзэл төгс байна.

Зэсийн баяжмалын анхны экспортын хэмжээ нь 5,800 орчим тонн байна. 'Монголд үйлдвэрлэв' шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 машины цуваа өнөөдөр Гашуун сухайтын улсын боомт руу хөдлөв. Улсын баяр Наадмын дараа үлдсэн баяжмалыг хэрэглэгчдэд хүргүүлнэ.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгч Камерон МакРей хэлэхдээ “Оюу Толгойн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүний бахархал төрж байна. Ийм аварга том үйлдвэр барьж байгуулсан нь маргаангүй гайхамшигтай ололт төдийгүй Монголын баяжмал үйлдвэрийн хаалганаас гарах энэ мөчийг бид бүхэн тэсэн ядан хүлээж байсан билээ. Энэ нь дэлхийн хэмжээний бүтээн байгуулалтаас дэлхийн хэмжээний зэсийн компани болон шилжиж буй анхны том алхам мөн. Энэхүү мөчийг бодит болгоход хувь нэмэр оруулсан та бүхэнд би чин сэтгэлээсээ талархаж байна.”

Одоогийн байдлаар зэсийн баяжмалыг Оюу Толгойн ил уурхайгаас олборлосон хүдрээс боловсруулж байна. Оюу Толгой ордын зэсийн нөөцийн дийлэнх нь оршиж буй далд уурхайд хүрч олборлолт явуулах болно. Далд уурхайн ажлыг хийх санхүүжилт бүрэн хэмжээгээр батлагдаагүй хэдий ч эхний шатны ажил далд уурхайд эхэлчихсэн байгаа. Одоо явуулж буй үйлдвэрлэл нь ашигт малтмал ашигласны төлбөр болон татварын хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт их хэмжээний орлогыг бүрдүүлэх юм.

Монгол Улсын хөгжилд Оюу Толгой ХХК эерэг нөлөө үзүүлсээр ирсэн. Өнгөрсөн жил Монголын Засгийн газраас Оюу Толгой ХХК-ийг хамгийн олон ажлын байрыг шинээр бий болгосон компани болон татвар төлөлтөөр хоёр дахь том компани гэж олон нийтэд зарласан билээ. Өмнийн говийн дэд бүтцийн хөгжилд Оюу Толгой ХХК ихээхэн хувь нэмэр оруулж байгаа нь тус бүс нутгийн иргэд, оршин суугчид төдийгүй уурхайг тогтвортой ажиллахад чухал ач холбогдолтой. Ирээдүйн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор таван жилийн хугацаанд Оюу Толгой ХХК 126 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж эхлээд байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.