Амжилтын түүх: Бүтээгдэхүүнээ дэлхийн уурхайд нийлүүлдэг сумын компани

– Эднийх 3 ажилтнаас 27 болж өргөжсөн байна –

Орон нутгийн хөгжлийн үндэс бол жижиг, дунд үйлдвэрлэл. Учир нь ийм үйлдвэрүүд ажлын байр бий болгох, татвар төлөх, ажилчдаа нийгмийн даатгалд хамруулах, иргэдийн хэрэгцээг хангах зэргээр олон боломж гаргана. Суманд бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах тийм ч амаргүй. Харин Ханбогд сумын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд дэлхийд томоохонд тооцогдох Оюу Толгой уурхайн хажууд байрладаг болохоор зах зээл нь бэлэн. Гэхдээ тэдний шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэхийн тулд уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл хэрэгтэй. Монголчууд 'Эзэн хичээвэл заяа хичээнэ' хэмээн ярьдаг. Тэгвэл 'Аргал хэт' компани өөрсдийн хичээл зүтгэлээрээ Оюу Толгойн компанид бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг Өмнөговь аймгийн 200 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчдийн нэг болжээ. Мөн Оюу Толгой компанийн 2012 оны шилдэг 9 ханган нийлүүлэгчийн нэгээр шалгарсан юм.

Тус компанийн оёдлын цех 2011 оны 11 дүгээр сараас Оюу Толгой төслийн ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас, дээжний уут, суудлын бүрээс зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна. Дэлхийд томоохонд тооцогдох Оюу Толгой төслийн ханган нийлүүлэгчээр ажилласнаар 'Аргал хэт' ХХК-д олон давуу тал бий болж. Тэд ханган нийлүүлэгчдийг дэмжих зээлд хамрагдаж, шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, материалын нөөцөө хангалттай бэлтгэх, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэртэй болох зэргээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрджээ. Үүний үр дүнд захиалагчаас ирүүлсэн бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх болсон байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан хөдөлмөр хамгааллын зуны хувцасны шинэ загварууд бий болгожээ.

Энэ цех ажлын гараагаа 3 оёдолчинтой эхэлж байсан бол өргөжин 2012 онд оёдолчин, эсгүүрчин, туслах зэрэг 27 ажилтантай болжээ. 'Аргал хэт' ХХК-ийн захирал Д.Ариунтунгалаг “Бид Засаг даргын тамгын газрын Хөдөлмөр халамж үйлчилгээний тасгаас Ханбогд сумын харьяат ажилгүй иргэдийн бүртгэлтэй танилцаж 4 хүн сонгон сургаж, дадлагажуулж ажлын байраар хангасан. Бас Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас ч ажилтан авсан” хэмээн ярилаа.

Орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдэд санхүү, менежментийн ур чадвар дутагдах бэрхшээл гардаг. Тиймээс 'Аргал хэт' ХХК-ийнхан Оюу Толгой компанид сургалтад хамруулж өгөх хүсэлт гаргасан байна. Үүний дагуу компанийн ажилчид эсгүүрийн ажилтны ур чадвар нэмэгдүүлэх, татвар, санхүү бүртгэл зэрэг олон төрлийн мэдээлэл, сургалтад суужээ.

Компанийн захирал Д.Ариунтунгалаг “Бид Оюу Толгой ХХК-д 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна. Энэ компанийн хувьд зөвхөн бүтээгдэхүүн худалдаж авах биш бидний бизнесийг сайжруулах, чадавхжуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажилладаг. Манай компанийн өсөлт хөгжилт, ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад үргэлж талархаж явдаг” гэж байсан. Ийнхүү сумын компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компанид нийлүүлж, хамтдаа хөгжиж, хамтдаа өсөж байна.