Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний тухай олон нийтэд илүү бодит ойлголт өгөх, уг төслөөс Монгол Улсад үзүүлэх үр ашгийг дахин таниулан хүргэх зорилгоор энэхүү баримтыг толилуулж байна.
Бид Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар тодорхой тайлбарласнаар Монгол Улсын Засгийн Газартай хийсэн хэлэлцээр шударга, ил тод явагдсаныг дахин нотлохыг хүсч байна.
Оюу Толгой төслийн зүгээс Хөрөнгө оруулалтын гэрээний гол заалтууд, ил тод байдлыг хангаж буйг илтгэх баримтуудыг толилуулж байна.
Хөрөнгө оруулалтын гэрээний гол заалтуудыг дурдвал:
- Оюу Толгой нь дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны хүдрийн биет бөгөөд одоогоор тогтоогдсон нөөцийг үндэслэн 60 гаруй жил ашиглах боломжтой гэж тооцож байна. 2011 оны эцэс гэхэд Рио Тинто болон Айвенхоу Майнз компаниуд Оюу Толгой төсөлд нийт 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байх бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах хүртэлх хугацаанд хайгуул, үнэлгээний ажилд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулсан юм.
- Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд хэлэлцэн Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто болон Айвенхоу Майнз компаниуд гэрээнд гарын үсэг зурсан.
- Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслийн 34%-ийг үнэ төлбөргүй эзэмших бөгөөд энэхүү хувь хэмжээ ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй. Мөн Засгийн газар өөрийн эзэмшлийн хувь хэмжээг 50% хүргэж нэмэгдүүлэх сонголт хийх боломжтой.
- Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслийн үр ашгийн ихэнх хэсгийг татвар хураамж, байгалийн баялаг ашигласны татвар (роялти) болон ноогдол ашгийн хэлбэрээр хүртэнэ.
- Монгол Улсын Засгийн газар төслийн хөрөнгө оруулалтанд өөрийн төсвийн эх үүсвэрээс ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулах шаардлагагүй. Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс шаардагдах бүхий л санхүүжилтийг хийнэ.
- Оюу Толгой Монголчуудад мянга мянган ажлын байр, бизнесийн боломжуудыг бий болгоно. Оюу Толгой нь хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогчдын нэг бөгөөд одоогоор 8000 гаруй ажиллагсадтайн зэрэгцээ сургалт, ажлын байрны боломжуудыг бий болгосоор байна.
- Монголчуудыг ажилд авах, сургаж дадлагажуулах нь бидний тэргүүлэх зорилт юм. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу уурхайн ашиглалтын жилүүдэд 10 ажилтны 9 нь Монголчууд байна.
- Монголын олон зуун аж ахуйн нэгж, хувь хүмүүс Оюу Толгойд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байна.
- Уурхайг дагасан дэд бүтэц тэр дундаа зам, эрчим хүч, ус, агаарын шугамууд нь Өмнийн говийн бүсийн эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болно.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей “Айвенхоу Майнз Оюу Толгойн ордыг нээснээс хойш өнөөг хүртэлх төслийн ажил нь гагцхүү Хувь нийлүүлэгчдийн санхүүгийн дэмжлэгээр амжилттай явагдаж ирлээ. Рио Тинто, Айвенхоу Майнз компаниуд төслийг өнөөдрийн түвшинд хүргэхэд асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Цаашид ч уурхайг барьж үйлдвэрлэлийг эхлүүлэх, дэлхийн түвшний стандартанд нийцсэн үйл ажиллагаа явуулахад зориулж олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсээр байх болно.
“Монгол Улсын Засгийн Газар болон ард иргэд Оюу Толгой төслөөс нийгэм, эдийн засгийн олон ач тусыг хүртэнэ. Олон улсын санхүүгийн байгууллагууд, судлаачдын зүгээс Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд хийсэн дүн шинжилгээнүүд нь уг гэрээг олон улсын тэргүүн туршлагыг шингээсэн болохыг баталж байна.
“Оюу Толгойгоос Монголчуудын хүртэх үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажуулсан бөгөөд нөгөө талаас уг гэрээ нь ирэх олон арван жилүүдэд Монголын эдийн засгийн бат суурь нь Оюу Толгой төсөл байна гэдгийг бататгаж байгаа юм.
“Хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн Газар дэмжиж буй нь хөрөнгө оруулагчдад итгэл өгч, төслийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг тодорхой болгож буй хэрэг юм. Түүнчлэн энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улс бизнес эрхлэхэд нээлттэй гэдэг чухал дохиог өгч байна.
“Шударгаар хэлэлцэн тохирсон эрх зүйн баримт гэрээгээ туйлбартай сахин мөрдөх нь цаашид хэрэгжих томоохон төслүүдийн санхүүжилтийг босгоход Монгол Улсыг хүчирхэг байр суурьтай байхад нь тус дөхөм болно. Үүний үр дүнд томоохон төслүүдийнхээ үр шимээр Засгийн Газар үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг өрнүүлж Монголын ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад нь дэмжлэг болж чадна гэж итгэж байна” хэмээн тэмдэглэн хэллээ.
Хариулт үлдээнэ үү