– Оюу Толгой компани сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн –
Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) – Өмнийн говьд зэс-алтны уурхайг барьж байгуулж буй Оюу Толгой компани өнөөдөр явагдаж буй Монгол Улсын Их Хурлыг сонгох сонгуульд саналаа өгч буй ажилчиддаа бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллалаа.
Улаанбаатар хот болон Даланзадгад суманд ажилладаг Оюу Толгойн албан хаагчид Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн дагуу 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амарч байна.
Мөн хуулийн дагуу төслийн талбай дээр ээлжийн хуваарийн дагуу ажиллаж буй бүх ажилчдад 5 дугаар сарын 11 болон 28-ны өдрүүдэд тус тус мэдэгдэл хүргүүлж Өмнөговь аймаг руу сонгуулийн шилжүүлгээ хуульд заасан хугацаанд хийлгэхийг анхааруулсан. Үүний дагуу хаягийн шилжүүлэг хийлгэсэн ажилчин байхгүй байна.
- Ханбогд болон Манлай сумдад саналаа өгөх бүртгэлтэй ажилчдын тээврийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.
-
Сонгуулийн санал хураалтанд оролцохоор явж буй ажилчдад ажлаас нь цалинтай чөлөө олгосон. Үүний зэрэгцээ:
- Ханбогд сумын иргэд голчлон ажилладаг үйлчилгээний хэсгийн ажлын ачааллыг бууруулах замаар сонгуульд оролцох бололцоог нэмэгдүүлэх
- Ханбогд суманд саналаа өгөх бүртгэлтэй ажилчид сонгуульд саналаа өгөхөд нь дэмжлэг үзүүлж ажлын цагийн хуваарийн зохицуулалт (ажил эхлэх цагийг хойшлуулах болон ажил тарах цагийг урагшлуулах) хийгдсэн
- Бусад аймаг хотоос ажиллаж буй Монгол ажилчдад хэрвээ хүсвэл өөрийн аймаг хот руу буцаж сонгуулийн санал хураалтанд оролцох боломжийг олгосон.
Оюу Толгой төслийн талбарт өнөөдөр ажил үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд энэ өдөр ажиллахаар сонгосон хүмүүст хөдөлмөрийн хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж бодож олгоно. “Монгол орны өнцөг булан бүрээс ирж ажиллаж буй манай ажилчид болон гэрээт компанийн ажиллагсад өөрсдийн сайн дурын үндсэн дээр төслийн талбарт үлдэж ажиллах шийдвэр гарган ажлаа үргэлжлүүлэн хийж байна” тус компаниас мэдэгдлээ.
“Бид бүхэн өнөөдрийг хүртэл ажилчидаа мэдээллээр байнга хангаж ажиллаж ирлээ. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр бид хуульд заасны дагуу өөрсдийн бололцоонд тулгуурласан арга хэмжээг авч ажилчдаа сонгуульд саналаа өгөх бололцоог хангахад бүрэн дүүрэн анхаарч ажилласан” хэмээн тэмдэглэсэн байна.
Барилга бүтээн байгуулалтын эрчимтэй энэ цаг үед 3,000 гаруй ажилчид өнөөдөр ажиллах хуваарьтай байсан. Оюу Толгой төслийн үйл ажиллагаа 24 цагаар тасралтгүй явагддаг бөгөөд ажилчдыг ээлжийн хуваарийн дагуу ажиллуулж ирэх оны эхээр үйлдвэрлэлээ эхлүүлэх юм.
Хариулт үлдээнэ үү